Хятадууд Венесуэлд оруулсан хэдэн арван тэрбумын хөрөнгө оруулалтаа хамгаалахын тулд баталгаа хийж байна.
Хятадыг Венесуэлтэй хамт явуулж байгаа нефтийн төслүүд нь түгшээж байна. Эдгээр төслөөр Каракас Бээжинд бараг 20 тэрбум долларын өртэй. Тийм ч учраас Хятадын дипломатчид Вашингтон хотноо Венесуэлийн сөрөг хүчний төлөөлөгчтэй хэлэлцээр явуулж байна.
"Дэглэм солигдох эрсдэл нэмэгдэж байгааг мэдэж, нөгөө талд нь үлдэхгүйг хичээж байгаа. Бээжин тогтвортой байдлыг илүүд үзэж байна, гэхдээ өндгийг өөр сагсанд хийх хэрэгтэйг ойлгож байна" хэмээн Хятад, Латин Америкийн харилцааны АНУ-ын армийн коллежийн шинжээч Эван Эллис хэлснийг Wall Street Journal иш татжээ.
"Бээжин өөрийн сонирхлоо сөргөлдөөний бүх талуудаар хүндэтгүүлэх хүсэлтэй учраас зөвөлгөөнд орж байна" гэж Хятадын гадаад харилцааны яам мэдээлэв. Мөн "Венесуэлийн бүх талуудтай Хятад боломжийн бүх аргаар нягт холбоотой байгаа" гэж яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуань хэлсэн байна.
"Хэрэг явдал хэрхэн өрнөхөөс үл хамааран Хятад-Венесуэлийн хамтын ажиллагаа өөрчлөгдөхгүй үлдэнэ" гэж тэрээр онцолжээ.
Өөрийн орныг дэлхийн томоохон импортлогч Хятадтай холбоогоо хадгалан үлдэх ёстой гэж Хуан Гуайдо нийтэд мэдэгдэж, Хятадад "энхийн мөчир" сунгалаа. Гэхдээ Венесуэлийн сөрөг хүчин Бээжин хоёрын харилцаанд бүх зүйл дардан биш нь мэдээж. Сүүлийн 12 жилд Латин Америкийн тэр улс Бээжингээс 50 тэрбум гаруй долларын зээл авсан ба түүнийгээ өөрийн гол баялаг нефтиэр төлөх ёстой. БНХАУ-ын Худалдааны яамны тооцоогоор Каракас одоо Бээжинд 20 тэрбум долларын өртэй гэнэ.
Хятад эдгээр зээлийн хохирлоо аль болохоор бууруулах хүсэлтэй нь мэдээж. Талууд одоо төлөгдөх өрийн хугацааг сунган засгийн газарт нь түр амьсгал авах боломжийн талаар хэлэлцэж байна. Үүний бас нэг саад нь Венесуэлийн хууль тогтоогчдын эртнээс санал болгож байсан зээлийн нөхцлийг ил тод болгох шаардлагыг Хятад ойлгохгүй байгаа явдал.
Хятад нь Москвагийн адил Николас Мадурогийн засгийн газрыг нь хууль ёсны гээд шууд дэмжсэн байгаа. Гэвч Венесуэлд түгшүүрийн харанга дэлдэж эхэлснээс хойш Москва ч, Бээжин ч дахин Каракаст зээл өгөөгүй байгаа. Саяхан Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэхдээ Хуан Гуайдотай яриа хэлэлцээр явуулахад Москва нээлттэй гэсэн байна.
Одоо хориг арга хэмжээгээр, Каракас Америкийн нефть боловсруулах үйлдвэрүүдээс салгагдсан ба шинэ худалдан авагчдыг хайж байна. Хамгийн ирээдүйтэй нь Энэтхэг болж буй. WSJ сонин мэдээндээ, арабын нефть зөөгч хөлөг онгоцны "Bahri" компани өөрийн нэг танкерыг Энэтхэгт нефть хүргүүлэхээр Венесуэлд илгээжээ гэж бичив.
Венесуэлийн Нефтийн аж үйлдвэрийн сайд Мануэль Кеведо хоёрдугаар сарын 11-нд Энэтхэгт очин хэлэлцээр хийсэн. Гэтэл Энэтхэгийн "ONGC Videsh" ХК гэх улсын компаниас зээлдсэн бараг хагас тэрбум долларын өрөө Каракас одоо хүртэл төлөөгүй байгаа нь яриа хэлэлцээрт саад учруулж байна.
Венесуэлийн засгийн газарт бас нэг асуудал гарсан нь тус оронд эмийн гол үйлдвэрлэгч байсан Энэтхэгийн эмийн компаниудтай холбоотой юм. Байдал муудаж эхэлсэнээс хойш Энэтхэгчүүд хөрөнгөө өөр орон руу шилжүүлж байгаа билээ.
Энэ мэтчилэнгийн олон асуудал Венесуэлийн популист засгийн газарт байнга тулгарсаар, найз нөхдөө алдсаар л байна.
М.Цогт