БНХАУ-ын коксжих нүүрсний нийт импорт 2018 онд 8.11 хувиар буурч 64.23 сая тоннд хүрсэн байна. Тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр Хятадын зах зээлд нүүрсний нийлүүлэлтээр тэргүүлэгч Австрали улсаас 27.74 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оныхоос 10.45 хувиар буурсан үзүүлэлт ажээ.
Австралийн төмөр замын тээвэрлэлтэд хязгаарлалт үүссэн нөхцөл байдал, АНУ болон Хятадын "худалдааны дайн” зэрэг нь коксжих нүүрсний импорт буурахад нөлөөлсөн байна. "Худалдааны дайны” улмаас БНХАУ өнгөрсөн наймдугаар сараас АНУ-аас импортлох коксжих нүүрсний гаалийн татварыг 25 хувиар нэмэгдүүлсэн юм.
Өнгөрсөн онд БНХАУ АНУ-аас өмнөх оноос 29.81 хувиар бага буюу 1.97 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Харин Монгол Улсаас эх үүсвэртэй коксжих нүүрсний импорт 5.39 хувиар өсч 27.67 сая тоннд хүрчээ.
БНХАУ-ын Нүүрсний уурхайн аюулгүйн ажиллагааны Үндэсний захиргаанаас тус улсын зүүн хойд бүс нутаг дахь нүүрсний олборлолт төвлөрч буй Шандун, Хэнан мужуудын уурхайд хяналт шалгалт явуулж байгаа юм. Энэхүү үйл ажиллагаа ирэх зургаадугаар сар дуустал үргэлжлэх аж. Нүүрсний уурхайд явуулж байгаа хяналт шалгалтын үйл ажиллагаа тус улсын нүүрсний олборлолтын хэмжээг 92.06 сая тонноор бууруулна гэж шинжээчид таамаглаж байна.
eagle.mn