Тайваний хамгийн өндөр оргилуудад авирч гараад бикини буюу усны хувцастай гэрэл зургаа авхуулж, олон нийтийн сүлжээнд нийтэлдэгээрээ алдаршсан 36 настай эмэгтэй уулчин Жижи уулын хавцалд унаж, осгож нас баржээ.
Уулчин бүсгүй өнгөрсөн амралтын өдөр Тайваний Юшань үндэсний паркын ууланд авирахаар ганцаараа явсан байна. Тэрээр аялалын үеэр уулын хавцалд унаж хөдөлж чадахгүй болсон ба аврах албаныхантай холбогджээ.
Гэвч цаг уурын нөхцөл байдал таагүй байснаас нисдэг тэрэг гурван удаа ослын газарт хүрч чадалгүй буцаж, эцэст нь аврагчид уул руу явган авирсан байна. Аврагчид өчигдөр буюу даваа гаригт уулчин бүсгүйн байгаа газарт хүрэхэд тэр осгож амиа алдсан байжээ. Энэ үед агаарын температур цельсийн хасах хэмд хүрээд байсан аж.
Уулчин бүсгүй Жижигийн фэйсбүүк хуудас 18,000 гаруй дагагчтай юм байна. Тэрээр 2018 онд Тайваний хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэр найзтайгаа бооцоо тавиад алдсан тул бикинитэй зургаа нийтэлдэг болсон тухай ярьж байжээ.