Цусан улаан сар мандах тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл өнөөдөр буюу ням гаригаас даваа гаригт шилжих шөнө цусан улаан сар мандана. Газар нутгийн байршлаас шалтгаалаад зарим газар даваа гаригийн үүрээр сарны бүтэн хиртэлт ажиглагдах аж. Энэ нь Улаанбаатарын цагаар маргааш өглөөний 11:30 юм.
Яагаад цусан улаан сар гэж нэрийдсэн нь сар бүтэн хиртэх үеэр сарны өнгө улайрч харагддаг ба энэ нь дэлхийн агаар мандалд нарны гэрэл сарнидагтай холбоотой аж.
Сар дэлхийд хамгийн ойр байрлах үедээ бүрэн хиртэх ховор үзэгдэл 100 жил тутамд гурав удаа тохиолддог ба энэ үеэр сар тойрог замынхаа дэлхийд хамгийн ойр цэгт хүрэх тул ердийн үеэсээ 10-15 хувь том харагдах юм.
Энэ удаагийн ховор үзэгдлийг дэлхийн бөмбөрцгийн баруун хагасынхан буюу умард ба өмнөд Америк тивүүд бүхлээрээ ажиглах боломжтой. Баруун Европ, Африк тивийнхэн хэсэгчилж харах бол харамсалтай нь Ази, Австрали тив болон Шинэ-Зеландад сарны хиртэлт огт харагдахгүй өнгөрөх юм байна.
Дараагийн цусан улаан сар 2021 оны тавдугаар сард мандах аж.
Цусан улаан сар Улаанбаатарын цагаар маргааш өглөөний 11:30 цагт эхлэх ба та сар хиртэх үзэгдлийг дараах видеоны шууд дамжуулалтаас үзэх боломжтой. Сарны бүтэн хиртэлт нэг цаг, 2 минут орчим хугацаанд үргэлжилнэ.