АНУ-ын Жеоржиагийн Технологийн хүрээлэнгийн эрдэмтэд эмэгтэйчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах хямд өртөг бүхий наалт бүтээжээ.
Олон тооны бичил зүү бүхий энэхүү жижиг наалт нь арьсанд хэдхэн секунд наалдах бөгөөд бүтэн сарын турш жирэмслэлтээс хамгаалах левоноргестрел эмийг хүний биед нэвтрүүлдэг гэнэ. Эрдэмтэд энэхүү туршилтын үр дүнгээ даваа гаригт “Nature Biomedical Engineering” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлсэн байна.
Судлаачид таван жилийн дараа зах зээлд нийлүүлэгдэх боломжтой жирэмслэлтээс хамгаалах наалтыг бөөнөөр үйлдвэрлэхэд ширхэгийн үнэ нь 1 америк долларын үнэтэй гарах боломжтой гэж тооцжээ.
Эмэгтэйчүүд сард нэг удаа ийм наалтыг ердөө таван секундын хугацаанд хэрэглэснээр жирэмслэлтээс сэргийлж чадна гэж судалгааг ахалсан Жеоржиагийн Технологийн Хүрээлэнгийн профессор Марк Праусниц ярьжээ.
Одоо ашиглагдаж байгаа ижил төстэй наалтууд нь байнга биедээ зүүхийг шаарддаг. Харин энэхүү шинэ наалтын 100 ширхэг бичил зүү нь таван секундын дараа өөрөө арьснаас салдаг гэнэ.
Жирэмслэлтээс хамгаалах наалтыг хэд хэдэн удаа туршиж баталгаатай болгосны дараа үйлдвэрлэлд шилжүүлэх боломжтой аж. Уг судалгааны хугацаа нь ойролцоогоор таван жил юм байна. Эрдэмтэд мөн судалгаагаа лавшруулж хамгаалах наалтаа зургаан сар тутамд нэг удаа ашигладаг болгон сайжруулах зорилт тавьжээ.