Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг 1984 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр мэндэлсэн гэдэг боловч яг албан ёсоор батлагдаагүй, Өмнөд Солонгосын судлаачид түүнийг 1982, 1983, 1984 онд төрсөн байх магадлалтай гэж үздэг ба эдгээрээс хамгийн өндөр магадлалтай нь 1984 он гэнэ. Тиймээс Удирдагч Ким Жон Ун өнөөдөр 35 нас хүрч байгаа байх нь.
Удирдагчийн төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ямар нэг шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа бөгөөд Умард Солонгосын 2019 оны хуанли дээр энэ өдрийг жирийн ажлын өдрөөр тэмдэглэсэн байна гэж Өмнөд Солонгосын нэгдлийн яам мэдээлжээ.
Умард Солонгосын өмнөх удирдагчдын төрсөн өдрүүд тус улсын хувьд тэмдэглэлт баяр ёслолын өдөр болж өнгөрдөг байна. Ким Жон Уны эцэг Ким Жон Ил хоёрдугаар сарын 16-нд төрснийг 1982 оноос хойш албан ёсоор тэмдэглэх болсон. Мөн өвөг эцэг Ким Ил Суны төрсөн өдөр дөрөвдүгээр сарын 15-ныг 1974 оноос хойш бүх нийтийн баяр, амралтын өдөр болгон тэмлэгдэг болжээ.
Гэтэл залуу удирдагчийн төрсөн өдрийг одоо болтол Умард Солонгосын албан ёсны эх сурвалжууд зарлаагүй байгаа юм. Түүний мэндэлсэн өдрийн талаарх мэдээлэл маш ховор байсаар иржээ. Анх 2014 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр тус улсын төрийн төв хэвлэл сагсан бөмбөгийн од асан Дэннис Родмэныг их удирдагчийн төрсөн өдөрт баяр хүргэхээр урд өдөр нь зочлон ирж уулсзаныг мэдээлснээр Удирдагч Ким Жон Уны төрсөн өдрийг нь олон нийт мэдэж авч байжээ.
Зарим улс төрийн шинжээчдийн үзэж буйгаар төрсөн өдөр нь нам жим өнгөрдөг нь түүний настай холбоотой, өмнөх удирдагчдыг бодвол харьцангуй залуу хүн учир сүржин тэмдэглэдэггүй гэнэ.