БНХАУ-ын дээд шүүх нийт 11 залуу эмэгтэйн амийг зэрлэгээр хөнөөсөн алуурчныг өчигдөр цаазалжээ.
Хохирогчдын хамгийн залуу нь найман настай, ихэнх нь 20 гаруй насныхан байсан байна. 1988-2002 оны хооронд 11 эмэгтэйн амийг хөнөөсөн гэдгээ хэрэгтэн Гао шүүх хурлын үеэр хүлээн зөвшөөрсөн бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сард баруун хойд Хятадын Ганьсу мужийн ардын шүүх Гао Чэньёнийг дээрэм, хүн амь, хүчингийн хэрэгт буруутай гэж дүгнэн цаазын ял оноожээ.
Түүний ялыг Хятадын дээд шүүх баталсан тул Ганьсу мужийн Байинь хотод цаазыг гүйцэтгэжээ.
Тэрээр ганц бие залуу бүсгүйчүүдийг гэрт нь хүчиндэж, дараа нь амийг нь хөнөөдөг байжээ. Аллагыг гэгээн цагаан өдөр үйлдэж, хэрцгийгээр хөнөөн, цогцсонд нь улаан өнгийн хувцас өмсүүлдэг мөн тэдний эд эрхтнийг огтолж, мөчлөн харгислал үйлддэг байжээ.
2004 онд Байинь хотын цагдаагийн газар алуурчны тухай мэдээлэл өгсөн хүнд 200,000 юаний шагнал амлаж байв. 12 жилийн дараа Гаог хэргийн газар үлдээсэн ДНХ-ийн ул мөрөөр нь илрүүлэн баривчилж байжээ.
Цагдаа нар 100,000 орчим хурууны хээ, бусад биологийн ул мөрийг хэргийн газраас цуглуулаад байсан ч алуурчныг олон жилийн турш олж чадахгүй байсан юм. Харин Гаогийн холын хамаатны хүн хээл хахуулийн хэргээр 2016 онд баривчлагдаж, түүний ДНХ алуурчныхтай зарим талаар таарч байсан нь анхаарал татсанаар хэрэг илэрч байжээ.
Уг цуврал аллага нь илрэх хүртлээ Хятадын түүхэнд хамгийн удаан мөрдөгдсөн, тайлагдашгүй хэрэгт тооцогдож байсан аж.
БНХАУ нь цуврал аллага, авлига, хүчин, хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгт цаазаар авах ял оноодог цөөн орны нэг билээ.