“Шар хантаазтанууд” хөдөлгөөний гол зохион байгуулагч, Францын засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэгчдийн нэгийг цагдаа нар дахин баривчилжээ. Францын нэгэн телевизээр энэ тухай, жагсаал зохион байгуулагчдын нэг Эрик Дроут гэдэг энэ хүнийг хууль бусаар жагсаал зохион байгуулсны улмаас өчигдөр орой баривчилсан хэмээн мэдээлжээ.
Жагсаал цуглаан зохион байгуулахад оролцсон 50 гаруй хүн өмнө болсон эсэргүүцлийн үеэр бэртэж гэмтсэн хүмүүсийн төлөө лаа асаан хүндэтгэл үзүүлэхээр Парисын төвд байдаг Эв найрамдлын талбайд ирсэн байна. Энэ үеээр цагдаа нао баривчилгаа явуулжээ.
Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар сөрөг хүчний талаас эсэргүүцлийн энэ үйл ажиллагаанд оролцсон хэд хэдэн хүн баривчлагдаад байгаа юм.
Өнгөрөгч 11 дүгээр сард эхэлсэн шар хантаазатнуудын эсэргүүцэл анх шатахууны татвар нэмэгдүүлэхийн эсрэг эхэлж байсан бол, сүүлдээ Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны эдийн засгийн бодлогыг эсэргүүцэн улам эрчээ авсан юм.
Үүнтэй холбогдуулан Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ард түмэндээ хандан шинэ оны мэндчилгээ хэлэхдээ шинэчлэлийн бодлогоо үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тэрээр Францын ажилгүйдэл, нийтийн үйлчилгээ, тэтгэврийн тэтгэмжийн шинэчлэлийг 2019 онд хийнэ гэсэн юм.