Сарны хиртэлт, одны тохиол гэх мэт тэнгэр, эрхэсийн олон гайхалтай үзэгдлүүд угтан золгож буй 2019 онд болохыг одон орончид тооцоолжээ. Ингээд та бүхэнд тэдгээрээс хамгийн сонирхолтой бөгөөд дэлхий дээрээс хамгийн тодоор харагдах заримыг нь танилцуулж байна.
"Цусан улаан сар" (Сарны хиртэлт) - Нэгдүгээр сарын 20-21
Энэ сарын сүүлээр сарны бүтэн хиртэлт тохиож дэлхийн дагуул маань цусан улаан өнгөтэй болж харагдах юм байна. Зөвхөн тэргэл сартай үед тохиодог энэхүү үзэгдэл нь 2021 он хүртэл дахиж давтагдахгүй ажээ.
Бүтэн хиртэлт нэгдүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө буюу 23:41 цагт эхлэж 62 минут үргэлжлэнэ. Хойд, Өмнөд Америк, Гренланд, Исланд, баруун Европ, баруун Африкаас бүтнээрээ харагдах бол зүүн Европ, зүүн Африкаас хагас хиртэлт ажиглагдах юм байна. Харамсалтай нь Ази тивийнхэнд энэхүү үзэгдэл харагдахгүй ажээ.
Бархасбадь гариг, Сар хоёрын тохиол - Дөрөвдүгээр сарын 23
Дөрөвдүгээр сарын 23-ны шөнө 1 цагийн үед өмнө зүгийн тэнгэрт Бархасбадь гараг сартай маш ойрхон харагдах ажээ. Энэхүү тохиол нь энгийн нүдэнд ч маш тодоор харагдах аж.
"Eta Aquarid" солирын бороо - Тавдугаар сарын 6
Тавдугаар сарын 6-нд манай цагаар шөнийн 3 цагийн үед "Eta Aquarid" хэмээх солирын бороо үзэгдэх ажээ. 30 гаруй солирын уналт зүүн хойд зүгийн тэнгэрт тодоор ажиглагдана гэж одон орончид тооцоолсон байна.
Нарны бүтэн хиртэлт - Долдугаар сарын 2
2019 оны долдугаар сарын 2-нд дэлхий, нар хоёрын дундуур сар орж өмнөд Номхон далайн бүс нутгийнхан, Чили, Аргентинчуудад нарны бүтэн хиртэлтийг үзэх хувь тохиох ажээ. Харин Эквадор, Бразил, Уругвай улсуудаас хагас хиртэлт ажиглагдах юм. Үзэгдэл орон нутгийн цагаар 12:55-аас 17:50 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд хиртэлтийн оргил үе 15:22 цагт болох юм байна.
Буд гариг нарны өмнүүр өнгөрнө - Арваннэгдүгээр сарын 11
Нартай хамгийн ойр байрладаг Буд гарагийн нарны өмнүүр өнгөрөх ховор үзэгдэл дэлхийгээс арваннэгдүгээр сарын 11-нд ажиглагдана. Америкийн зүүн эргийн цагаар өглөөний 7:35-д (манай цагаар 20:35) энэхүү үзэгдлийг тусгай дуран авайгаар ажиглавал нарны өмнүүр жижигхэн хар цэг өнгөрч байгаа нь харагдах юм байна.
Сугар гариг, Сар хоёрын тохиол - Арванхоёрдугаар сарын 28
Оны төгсгөлд Сугар гариг сартай ойрхон харагдах үзэгдэл тохиох юм байна. Үдшийн бүрэнхий буух үед баруун өмнө зүгийн тэнгэрт харагдах энэхүү үзэгдлийг дэлхийн хаанаас ч, тэр ч байтугай гэрлийн бохирдол ихтэй том хотуудаас ч харах боломжтой аж. Сугар гаригийг үдшийн тэнгэрт эрт гарч ирэх үед нь "Үдшийн гялаан" од, харин үүрээр тэнгэрт хамгийн сүүлд үлдэх үед нь "Үүрийн цолмон" од гэж нэрлэдгийг бид мэдэх билээ.
caak.mn