Астрономийн олон үзэгдлийг зэрэг харуулах цусан улаан сар 2019 оны нэгдүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө тэнгэрт мандана.
Энэ шөнийн сарыг супер, цусан, чонон сар гэж нэрлэжээ. Энэ үеэр сарны бүтэн хиртэлт болно гэж одон орон судлаачид тодотгожээ.
Сар дэлхийд хамгийн ойр цэгтээ хүрэх учир үлэмж том хэмжээтэй харагдах бөгөөд үүнийг Супер сар хэмээн нэрлэдэг байна. Харин сар бүтэн хиртэж, өнгө нь улаан туяатай болох бөгөөд үүнийг нь Цусан сар гэж нэрлэдэг аж.
Мөн дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст амьдардаг үндэстнүүд нэгдүгээр сарын тэргэл сарыг Чонон сар гэж нэрлэдэг уламжлал олон мянган жил хадгалагдаж ирсэн байна. Эртний соёл иргэншлүүд сарны үзэгдлүүдийг тухайн цаг улирлын байгалийн үзэгдэлтэй холбож нэрлэдэг байсан бөгөөд нэгдүгээр сард чонын ороо эхэлж, улих нь нэмэгддэг байснаас тэргэл сарыг Чонон сар хэмээн нэрлэжээ.
Ирэх сард болох сарны хиртэлт гурван цаг, хагас орчим үргэлжлэх бөгөөд дараагийн бүтэн хиртэлт 2021 оны тавдугаар сард тохиохыг астрономичид мэдээлсэн байна.