2014 оноос хойш Латин Америк ба Карибын бүсийн орнуудад ажилгүйдэл анх удаа буурч түүний дундаж төвшин 7,8 хувь болохоор байна гэж Олон улсын хөдөлмөрийн байгууллага мэдэгдлээ.
"Бүс нутгийн ажилгүйдлийн төвшин 2017 онд 8,1 хувь болоод энэ жилийн сүүлчээр 7,8 хувь болох ёстой байлаа... Гэтэл энэ онд анх удаагаа ажилгүйдлийн төвшин 2014 оныхоос буурлаа” гэж судалгаанд өгүүлсэн байна. Оны эхний есөн сард Латин Америк, Карибын бүсийн орнуудад ажилгүйдлийн ерөнхий төвшин өмнөх оны мөн үеийн 8,7 хувиас 8,4 хувь хүртэл буурчээ.
Бразилийн ажилгүйдэл 2017 оны 13,1 хувиас энэ онд 12,5 хувь хүртэл буурав. Перу улсад оны эхний есөн сард ажилгүйдэл 4,5 хувийн төвшинд үлдсэн бол Мексикт тэр төвшин 0,2 хувиар буурч Урагвайд 8,4 хувиар нэмэгджээ.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дүгнэснээр, Латин Америкийн орнуудын ДНБ-ний өсөлт 1,2 хувь байх бүрэн боломжтой гэнэ. Хөрөнгө оруулалт бага төвшинд ч гэсэн аажмаар өсч байгаа аж.
ОУВС-ийн дүгнэлтээр энэ онд Бразилийн эдийн засаг 1,4 хувиар, 2019 онд 2,4 хувиар өснө. Перугийн эдийн засаг 2018 ба 2019 онуудад 4,1 хувиар, Уругвайн ДНБ энэ жилд 2 хувиар, ирэх жилд 3,2 хувиар тус тус өсөх ажээ.
Мексикийн эдийн засаг энэ жилд 2,2 хувиар, 2019 онд 2,5 хувиар нэмэгдэнэ. Харин Аргентинийн эдийн засаг 2018 онд 2,6 хувь, 2019 онд 1,6 хувь гэсэн уналтыг тус тус харуулах гэнэ.
Энэ жилд Венесуэлийн эдийн засаг 18 хувь буюу хамгийн хүчтэй уналттай гарч байгаа ба харин ирэх онд уналт нь удааширч 5 хувь байна гэж ОУВС дүгнэв. Сангийн мэдээлснээр Никарагуагийн ДНБ-ний уналт нь энэ жилийн 4 хувиас 2019 онд 1 хувь болох гэнэ.
М.Цогт