АНУ-ын Агаарын цэргийн хүчний стратегийн тагнуулын "Boeing RC-135V" нисэх онгоц Крымын эргийн дээгүүр тагнуулын нислэг үйлдсэн тухай хяналт-ажиглалтын "PlaneRadar" Twitter хуудсандаа мэдээлжээ.
Уг нисэх онгоц пүрэв гарагийн өглөө Москвагийн цагаар 7 цаг 50 минут орчимд Грекээс хөөрч, хоёр цагийн дараа Хар тэнгисийн эрэг хавийг судалж эхэлжээ. Америкийн тагнуулын нисэх онгоц үдээс хойш нэг цагт бааз руугаа буцсан байна.
Дараа нь мөн ийм нисэх онгоцоор Калининград мужийн хил болон Беларусийн дээгүүр тагнуулын нислэг үйлдсэн гэж тус цахим хуудас мэдээлжээ.
Сүүлийн үед гадаадын нисэх онгоцууд болон нисгэгчгүй аппаратууд Оросын хилийн ойролцоо тагнуулын нислэг үйлдэх нь идэвхжсэн байна. Тухайлбал, Крым болон Краснодарын хязгаар төдийгүй Оросын баруун хилийн ойролцоо тагнуулын нисэх онгоцууд үзэгдэх болжээ.
Ийм ажиллагаагаа зогсоохыг Оросын Батлан хамгаалах яам АНУ-ын эрх баригчдад нэг бус удаа уриалсан боловч Пентагон татгалзсан хариу өгсөн байна.
montsame.mn