Хоёр Солонгосын хилийн бүсэд шинэ төмөр зам, шинэ авто зам тавих төслийн нээлт өчигдөр болжээ.
Хойд Солонгосын хилийн хот Кесоны ойролцоо болсон уг ёслолд Өмнөд Солонгосын талаас 100-аад хүн оролцсон бөгөөд Өмнөд Солонгосын зам тээврийн сайд, хоёр Солонгосын нэгдлийн сайд, парламентын гишүүд болон бусад албаны хүмүүс багтжээ. Хойд Солонгосын талаас Хоёр Солонгосын асуудал эрхэлсэн төрийн тусгай газрын дарга, Төмөр замын яамных нь дэд сайд нараар ахлуулсан албаны хүмүүс оролцжээ. Мөн НҮБ-ын албаныхан, Орос, Хятад төлөөлөгчид уг түүхэн арга хэмжээнд оролцсон байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар өнгөрсөн есдүгээр сард Пёньянд болсон хоёр орны хоорондох дээд хэмжээний гурав дахь уулзалтын үеэр хоёр улсын замын сүлжээг энэ оны эцэс гэхэд холбоно хэмээн тохиролцсон юм.
Хоёр Солонгосын төмөр зам цаашлаад Транс Сибирийн төмөр замын сүлжээтэй холбогдож, Европ хүрэх зорилготой байгаа аж.