Германы долоо хоног тутмын "Der Spiegel" сэтгүүл өөрийн шилдгүүдийн нэг, АНУ, Герман бусад орнуудаас олон жил шилдгийн шагнал авч байсан сэтгүүлчээ “баримтыг гуйвуулсан эсвэл өөрөө зохиосон худал мэдээлэл нийтлүүлж байсан” гэж мэдээлжээ.
Арванхоёрдугаар сарын 19-нд нийтэлсэн мэдээлэлдээ "Der Spiegel" өөрийн компанид долоон жил ажилласан Клаас Релоциус худал зохиомол өгүүллэгүүдээ Германы бусад том сонинуудад хэвлүүлж байсан гэжээ. "Сурвалжлагч, редактор Клаас Релоциус өөрийн бичлэгээ асар өргөн цар хүрээнд худлаа мэдээлэл тарааж, байхгүй баатруудыг зохиомлоор бий болгон уншигчид, мөн мэргэжил нэгтнүүдээ хуурч иржээ. Дотоодын шалгалт явуулан мөн тэр өөрөө хэргээ хүлээсний дараа энэ хэрэг явдлын учир тайлагдлаа.
Өөрийн бичлэгт тэр хэзээ ч тааралдаж, ярилцаж байгаагүй хүмүүсийг гарган тэдний түүхийг тэдний амаар зохион бичиж байв. Релоциус мөн харилцан ярилцлага, ишлэл зэргийг бас худлаар зохиож байв. Der Spiegel сэтгүүл 2011 оноос хойш хэвлэмэл хувилбар ба онлайн хэвлэлдээ түүний 60 өгүүллэгийг хэвлэжээ. Өөрийнх нь хэлснээр тэднээс наад зах нь 14 материал худлаа бичигджээ.
Түүний бичлэгүүд Cicero, Neue Zürcher Zeitung am Sonntag, Financial Times Deutschland, Die Tageszeitung, Die Welt, Süddeutsche Zeitung, Weltwoche, Zeit Online, Frankfurter Allgemeine Sonntagszeitung зэрэг Германы алдартай хэвлэлд нийтлэгдсэн" хэмээн сэтгүүл мэдээллээ.
Релоциусын худал өгүүллэгүүдээс террорист Исламын улс бүлэглэлд хулгайлагдсан гэх хүүхдүүдийн тухай, шударга бусаар баривчлагдсан Гуантанама шоронгийн хоригдол зэргийн бүтээлүүд нь шагнагдсан байлаа.
Der Spiegel сэтгүүлийн сэтгүүлч 2014 онд Америкт “CNN-ий оны шилдэг сэтгүүлчийн шагналтан” болж, 2017 онд Сербийн эрэн сурвалжлах төвөөс “Алеппо хотод эцэг, эхээ алдсан Ахмед, Алин ах дүү хоёр” өгүүлэгт нь шагналаа өгөн түүнийг тодруулсан байв. Энэ материалынх нь төлөө “Европын хэвлэлийн холбооны шагнал” 2017 онд олгогджээ.
Клаас Релоциус 2018 оны арванхоёрдугаар сарын 4-нд жил тутмын Reporterpreis шагналын хүрээнд “шилдэг сурвалжлагын шагнал” авчээ.
"Шилдэг сурвалжлага” нь Германы долоо хоногийн сэтгүүлд 2018 оны зургаадугаар сарын 23-нд нийтлэгдсэн “Хүүхдийн тоглоом” гэсэн худал сурвалжлага нь байв.
Зохиогч долоон жилийн өмнө 2011 онд Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадыг доромжилсон граффитти зурсан залуу хүүхдийн тухай түүх нийтлүүлжээ. Релоциус тэр түүхээ Сирийн дайны эхлэлийн цэг болсон гэж онцолжээ. Der Spiegel сэтгүүлийн сурвалжлагч 2018 онд “нас бие гүйцсэн хүүхэдтэй” тааралдсан болж таарав. Одоо тэр хүү Дераа мужид Башар Ассадын эсрэг тэмцэж байгаа гэж тэр бичсэн нь эхнээсээ бүгд зохиомол түүх болж таарчээ.
Германы “од” сэтгүүлчтэй холбоотой дуулиан худал материалынхаа төлөө олон шагнал авснаараа хамгийн ихээр шуугиулж байна. “Сэтгүүлчийн эрэн сурвалжлах” нэрийн дор барууны хэвлэлийн явуулж байгаа худал мэдээллийн анхны жишээ нь энэ биш.
Өмнө нь мэдээллийг гуйвуулсан хэргээр CNN телевиз Financial Times сонины өмнө “бөхөлзлөө”. Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тухай худал мэдээлэл тараасан гэх заргыг алдсаны дараа CNN телевиз хэд хэдэн сэтгүүлчээ түүний тоонд Пулитцерийн шагналтан Эрих Эрик Лихтблауг халсан байлаа.
М.Цогт