Индонезийн Суматра, Жава арлуудыг зааглаж байдаг Сунда эргийн орчимд Анак Кракатоа галт уул дэлбэрснээс цунами үүсэж, цунамийн улмаас амь эрсэдсэн хүний тоо 373 болж нэмэгдэж, 1000 гаруй хүн гэмтэж бэртжээ. Мөн 120 гаруй хүн ор сураггүй байна гэж тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах газраас мэдээллээ.
Бямба гаригт Суматра арлын өмнөд эрэг, Жава арлын баруун хэсгийг нөмөрсөн цунамийн давалгааны улмаас хэдэн зуун барилга байшин усанд автжээ. Уг арлууд дээр аялал жуулчлалын алдартай төвүүд байрладаг ба мужийн эрэг хавийн нутгуудад хамгийн их эвдрэл сүйдэл учирсан байна.
Мэргэжилтнүүд Анак-Кракатао галт уул оргилсноос болж далайн усан дор хөрсний гулгалт явагдсан нь ер бусын өндөр давалгаа үүсгэн цунами болсон гэж үзэж байна.
Өнгөрсөн аравдугаар сард Сулавеси арлын Палу хот орчимд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа цунами үүсэхэд 2,000 гаруй хүн амиа алдсан юм. 2004 оноос хойш Индонезид нийт 10 гаруй удаагийн газар хөдлөлт, цунами, галт уулын дэлбэрэлт зэрэг байгалийн гамшиг болж 180,000 орчим хүн амиа алдаад байна.