Европын холбооны орнуудын хүн амын хэрэглээний нэг хүнд ноогдох хэмжээ (Actual Individual Consumption per capita) ба дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ноогдох хэмжээ (GDP per capita) 2017 онд ямар байсныг Европын статистикийн агентлаг нийтлэллээ.
Европын холбооны 28 гишүүн орны дундаж төвшинийг 100% гэж үндэслэн дүгнэсэн байна. Хүн амын нэг хүний хэрэглээгээр ЕХ-д Люксембург нэгдүгээр байранд бичигдэв. Тэнд ЕХ-ны дундаж төвшнөөс энэ үзүүлэлт 32%-иар их байв.
Люксембург энэ үзүүлэлтээр 2016, 2015, 2014 онуудад мөн л нэгдүгээрт байлаа. Шинэ илтгэлд Герман хоёрдугаар байранд (+22%) орлоо. Австри, Дани, Их Британи, Бельги, Финлянд, Нидерланд, Швед, Францад үзүүлэлт нь холбооны дундажаас 10-20%-иар их байв.
Хүн амын нэг хүний хэрэглээ ЕХ-ны орнууд дотроос Болгар (54%), Унгар (62%) Хорват (62%), Румын (68%), Латви (68%) зэрэгт хамгийн бага төвшинд бүртгэгджээ.
Сүүлийн гурван жилд хүн амын нэг хүний хэрэглээ холбооны ихэнх орнуудад харьцангуй тогтвортой байв. Үзүүлэлтийн хамгийн хүчтэй өсөлт Румынд (2015 оны 58%-иас 2017 онд 68% хүртэл), Литвад (83% - 88%), Чехад (78% - 82%) тус тус бүртгэгдэв.
Мэдэгдэхүйц доошлолт Люксембургт (2015 оны 140%-иас 2017 онд 132% хүртэл), Австрид (121% - 117%), Нидерландад (115% - 111%), Шведэд (113% - 109%) байлаа.
Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хамгийн өндөр төвшин Люксембургт (253%), хамгийн бага нь Болгарт (49%) байгаа ажээ.
М.Цогт