АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр Сири дэх Исламын улс бүлэглэлийг ялснаа тунхаглаж, тус улсаас цэргүүдээ гаргахаар шийдвэрлэснээ мэдэгджээ. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Сири руу орох болсон АНУ-ын шалтгаан нь Исламын бүлэглэлийг дарах байсан. Бид зорилгоо гүйцэлдүүлсэн” хэмээн жиргэсэн байна.
Цагаан ордны Хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерсийн мэдээлснээр цэрэг гаргах ажиллагаа 60-100 хоног үргэлжлэх гэнэ. Мөн Сирид ажиллаж байсан Төрийн Департментын ажилтнуудыг 24 цагийн дотор эх оронд нь буцаан татсан байна.
Гэвч АНУ-ын сенатын зарим гишүүд уг шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаа юм. Тухайлбал тэд “АНУ цэргээ гаргаснаар Исламын улс бүлэглэлтэй дахин тэмцэхэд хүндрэлтэй болно, учир нь Сири дэх Исламын улс бүлэглэлийн хүч нь суларсан хэдий ч тэд бүрэн дарагдаагүй” гэж үзэж байгаа аж.