2020 онд Японд болох Олимпын наадмын бэлтгэл ажлын хүрээнд төмөр замын Seibu өртөөнд хиймэл оюун ухаантай робот ажиллуулан туршиж эхэллээ гэж тээврийн компанийн төлөөлөгч Маки Сонэ мэдээлсэн байна.
“Олимпод бэлгэх, олимпын үеэр, хотод гадаадын жуулчид, ялангуяа Seibu төмөр замаар зорчигчдын тоо эрс нэмэгдэнэ. Өртөөний аюулгүй байдлыг хангах, ажилтнуудын ажлын ачааллыг бууруулах асуудал гардаг. Энэ бүхнийг шийдвэрлэх үүднээс хамгаалалтын робот туршиж байна” гэж Сонэгийн хэлснийг РИА Новости агентлаг иш татжээ.
Робот-хамгаалагч өртөөнд жижүүрлэж, зорчигчдын хэн нэгний бие муудах юм уу, хэн нэгэн юмаа мартвал дохио өгөх үүрэгтэй юм байна. Ингэснээр төмөр замын ажилтнууд өртөөнд байнга жижүүрлэн явах ажлаас чөлөөлөгдөх юм байна.
Энэ туршилтын дүнгээс хамаараад роботыг ийм ажилд бүрэн ашиглаж болох эсэхийг туршиж, улмаар шийдвэр гаргах юм.
Х.Өлзийбаяр