Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро улсынх нь иргэний цэрэг 1.6 саяд хүрсэн, улс орноо гадны түрэмгийллээс хамгаалах нь үүрэг зорилго нь гэж мэдэгджээ. Энэ тоо нь 2018 оны эхнээс гурав дахин өссөн дүн юм байна.
Уг мэдэгдлийг Венесуэлийн төв телевизээр өчигдөр цацсан байна. Үүнээс өмнө Мадуро улс орныг нь эзлэн түрэмгийлэх бодлого явуулж байна гэж АНУ-ыг буруутгасан.
Тэрбээр Боливарын цэрэг гэгддэг зэвсэгт хүчний нэг салбараа “Шүдийг нь хүртэл зэвсэглэнэ”, “Эзэрхийлж түрэмгийлсэн нэг улс манай эх нутаг нэвтэрч магадгүй. Гэхдээ тэд эндээс амьд буцахгүй гэдгээ мэдэж байх хэрэгтэй” гэж хэлснийг хэвлэлүүд мэдээлж байна.
Венесуэлийн Үндэсний Боливарын цэрэг нь иргэний сайн дурынхнаас бүрдсэн нөөц хүч юм. Цэргийн энэ салбар нэгжийг тус улсын зэвсэгт хүчний нэмэлт хүч болгон 2008 онд тухайн үеийн Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавез байгуулж байжээ.
Харин Николас Мадуро “Иргэний цэргийн нөөц хүчээ нэмэгдүүлж нэг саяд хүргэхийг өнгөрөгч дөрөвдүгээр сард үүрэг болгосон. Тухайн үед манай иргэний цэрэг 400 мянга байсан юм” гэж мэдэгдлийнхээ үеэр хэлсэн байна.