Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон улс орондоо эдийн засаг, нийгмийн онц байдал тогтоосноо зарлалаа. Төрийн тэргүүн улс оронд нь “шар хантаазтангууд”-ын эсэргүүцлийн хөдөлгөөн газар сайгүй өрнөж байгаатай холбогдуулан ийн онц байдал зарласан байна.
Энд тэнд болж байгаа жагсаал цуглааны үеэр хүчирхийлэл гарч байгаа нь зөвтгөх аргагүй гэмт хэрэг гэж Макрон тэмдэглэжээ. Ерөнхийлөгч “олны бухимдал, давалгааг ашиглах гэсэн сөрөг хүчнийхэн яаж тоглож байгааг харлаа, улс орныг хагалан бутаргаж, дур зоргоор авирлах нийгэм тогтоох гэсэн улстөрчдийг харлаа” гэсэн байна.
Францын олон иргэн таагүй байгаагаа илэрхийлж байгаа ч энэ нь үнэн хэргэтээ татвараас биш, харин бүр том асуудалд байна гээд “уур бухимдал байж болно, гэхдээ цагдаагийнхан руу халдаж, дэлгүүр мухлаг, барилга нураан сүйтгэж байгаа уур хилэнг зөвтгөх аргагүй” гэжээ.
“Хүн бүр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг, хэнээс ч айхгүйгээр санал бодлоо хуваалцаж чаддагт л бидний эрх чөлөө оршин тогтнож байгаа юм” гэж ерөнхийлөгч Макрон тэмдэглэжээ.
“Парламент, засгийн газраас оны эхнээс манай иргэд ажил хөдөлмөрийнхөө ачаар илүү сайхан амьдрах тийм боломж бүрдүүлэхийн төлөө шаардлагатай бүхнийг хийхийг би хүсч байна. 2019 оны эхнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 100 евро болгож өсгөх хэрэгтэй” гэж францын тэргүүн нэмж хэлсэн байна.
Өөр бас компани, байгууллагууд жилийн эцэст ажиллагсдадаа нэмэлт урамшуулал өгч байх, сард 2000 еврогоос бага тэтгэвэр авч байгаа өндөр настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авахыг Ерөнхийлөгч санал болгожээ.
Бензин шатахууны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал цуглаан арваннэгдүгээр сарын дундуураас “шар хантаазтангууд” нэрийн дор эхэлж, сүүлдээ улс орныхоо нийгмийни амьдралд таагүй байгаагаа илэрхийлсээр сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувирсан юм. Үүний улмаас хууль сахиулагчид 4500 гаруй хүнийг саатуулаад байгаа юм.