Тайванийн орон нутгийн сонгуулиар арлын тусгаар тогтнолын төлөөх эрх баригч нам бут ниргэгдлээ. Тэр нь бүс нутгийн байдалд мэдэгдэхүйцээр нөлөөлж магадгүй.
Өнгөрөгч сард (арваннэгдүгээр сарын 25-нд) явагдсан орон нутгийн сонгуулиар эрх баригч Ардчилсан дэвшлийн нам (DPP) ноцтой ялагдал хүлээлээ. Сонгуульд Хятадын үндэсний нам (Гоминьдан, КМТ) ялав. Энэ нам нь Ардчилсан дэвшлийн намаас ялгаатай нь эх газрын Хятадтай сайн хөршийн харилцаатай байхыг хүсдэг ба хоёр жилийн дараах Ерөнхийлөгчийн сонгуулиар ялах сайхан боломж олж авлаа.
Бээжин, Вашингтон хоёр Тайванийн сонгуулийг анхааралтай ажиглав. БНХАУ-ын эрх баригч нар "Ардчилсан дэвшлийн нам" ялагдсанд баяртай байсан гэдэгт эргэлзэх зүйлгүй харин Вашингтон өөрсдөө ялагдсан мэт л байсан нь ойлгомжтой.
Сонгуулийн өмнө "Ардчилсан дэвшлийн нам" Тайванийн арлын 22 хот, мужийн 13-т нь хяналтаа тогтоосон байлаа. Сонгуулийн дараа тэд зөвхөн зургаан муж, хотод л хяналтаа хадгалж чадсан байна. Тэд Тайванийн нийслэлийн дараах хоёр том Гаосюн, Тайжун хотыг алджээ. Эрх баригч намын гол түшиц байсан Гаосюн хотоо алдсан нь тэдэнд улам ч хүнд цохилт болжээ. Ардчилсан дэвшлийн намд энэ сонгууль том цохилт болсон учраас Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь шууд л намын даргаас огцорлоо.
Ардчилсан дэвшлийн нам ялагдсан нь уг намын ажиллагаанд сонгогчид итгэл муутай болсны гэрч болов. Эдийн засагт асуудал их, эх газрын Хятадтай харилцаа сүүлийн хоёр жилд муудсан зэрэг нь ялагдлын гол шалтгаан болов. Тайваньчууд ардчилал, тусгаар тогтнолд дуртайд эргэлзэх зүйлгүй, гэхдээ тэд Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг улам илүү үнэлдгийг сонгууль үзүүлэв. Олон нийтийн санал асуулгаар Цай Инвэнийн чансаа 30 хувиас доогуур байв. Тэр 2016 оны сонгуулийн өмнө Хятадтай харилцаагаа өөрчлөхгүй гэж амлаж байсан юм. Гэвч амлалтаа биелүүлээгүйгээр барахгүй засагт гарсан эхний өдрөөсөө арлын тусгаар тогтнолоор маш хатуу байр сууринд зогссон билээ. Тэрбээр “нэг улс-хоёр систем” гэсэн хоёр Хятадыг нэгтгэх эх газрын эсрэг зогссон.
Гоминьдан нь Ардчилсан дэвшлийн намыг бодвол БНХАУ-тай эдийн засгийн нягт хамтын ажиллагааны төлөө байгаа. Тэгээд ч БНХАУ-ын удирдлага КМТ намтай хамтран ажиллахын төлөө байгаа.
2008-16 онуудад, Тайванийн засгийг Гоминьдан барьж байхад харилцаа урагштай байсан юм. Хоёр орны лидерүүд Сингапурт саммит хийсэн байв.
Тайванийн болон барууны хэвлэлд энэ сонгууль эх газрын Хятадын дарамтад явагдах нь гэж бичиж байлаа. Эдийн засгмийн шахалт их байсан. Хятад ийм нөхцөлд хамгийн энгийн аргаар хятад жуулчдын тоог эрс буулган шахалт хийдэг. Хятадын жуулчид арлын эдийн засагт маш чухал.
Одоо олон тооны улс төрийн шинжээчид, 2020 оны сонгуулийн өмнө Хятадын эрх баригчид гоминьданы улстөрчидтэй шууд харилцаа тогтооно гэж үзэж байна. Хэрэв Гоминьдан ялах найдлага нь биелэвэл хоёр Хятадын хүйтрээд байсан харилцаа аажмаар дулаарах болно гэв.
Вашингтон энэ сонгуульд таагүй хандаж байгаа. Трамп засагт гараад өмнөх Ерөнхийлөгчийн Хятадын талаар барьж байсан бодлогыг өөрчилсөн. Сонгуулийн дараа Гоминьдантай үргэлж сайн харьцаатай явж ирсэн ч одоо уруудах талдаа орлоо. Гоминьдан ялсан тохиолдолд арлыг үргэлж Хятадыг барихад ашиглаж ирсэн хэрэгсэл болгох нь хүндрэх юм. Тиймээс сонгууль дууссан. Бээжин яллаа, Вашингтон хожигдлоо гэж шууд хэлж болно.
М.Цогт