Сүүлийн 10 жилд хамгийн доод хэмжээндээ очсон АНУ-ын худалдааны алдагдал тооцоолж байснаас хамаагүй хүнд гарав. Хятадын бараатай холбоотой алдагдал шинэ дээд амжилт тогтоолоо гэж Bloomberg мэдээлжээ.
Өмнөх сартай нь харьцуулахад худалдааны тэнцвэрийн алдагдал 1,7%-иар буюу $55,5 тэрбумд хүрэн 2008 оны аравдугаар сараас хойших хамгийн их хэмжээнд хүрснийг АНУ-ын Худалдааны яамны мэдээлэл харууллаа. Худалдааны алдагдал сүүлийн таван сар дараалан өсчээ. Есдүгээр сард тооцоолж байсан тооцоо $54 тэрбум биш харин $54,6 тэрбумд хүрчээ. Харин Bloomberg агентлагад асуугдсан шинжээчид худалдааны алдагдлыг аравдугаар сард 55 тэрбум доллар хүрнэ гэж байсан юм.
Үүнд АНУ-ын шар буурцагны экспорт буурч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Хятадын хариу арга хэмжээ буурцгийн экспортод хүчтэй нөлөө үзүүлсэн юм. Мөн иргэний агаарын тээврийн онгоцнууд болон тэдний хөдөлгүүрийн нийлүүлэлт аравдугаар сард бас буурчээ. Автомобилийн импорт аравдугаар сард ажиглалтын бүх хугацаанд хамгийн бага байсан байна.
Харин энэ үеээр нефть болон хэрэглээний барааны экспорт дээд зэргээр өссөн нь "хүчтэй" доллар экспортын нийт өсөлтийг барьж байгаа нь тодорхой юм.
Бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний импорт 0,2%-иар нэмэгдэн дээд амжилт үзүүлэн $266,5 тэрбумын хэмжээнд хүрчээ.
АНУ-ын Худалдааны яамны тайланд үзүүлэхдээ, хамгийн их алдагдлыг Хятадтай хийсэн худалдаанаас олсон байна. Тухайн сард Хятадтай хийсэн худалдаанаас олсон алдагдал 7.1 хувиар өсөж, $43.1 тэрбумд хүрсэн бол дараа нь Японтой хийсэн худалдааны алдагдал 57 хувь нэмэгдэж, $6.17 тэрбумд хүрсэн байна.
Улмаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гадаад худалдааны алдагдлаа бууруулах бодлого үр дүнд хүрэхгүй байгааг харуулсан явдал болжээ.
Мөн өчигдөр гарсан өөр нэг тайланд өгүүлснээр арваннэгдүгээр сард Америкийн ажил олгогчид төсөөлж байснаас бага ажлын байр нэмсэн нь эдийн засагт муу нөлөө болсон байна.
Мексиктэй хийж байгаа наймааны худалдааны эргэлтийн зөрөө аравдугаар сард буураад харин Канадтай хийж байгаа наймааны зөрөө бага зэргээр нэмэгджээ. Европтой худалдааны зөрөө нь $10,6 тэрбумаас дээд амжилт болсон $17,6 тэрбум хүртэл Европт ашигтайгаар туссан гэнэ.
Одоогоор АНУ нь Хятадтай худалдааны дайн өрнүүлж байгаа. Долоо хоногийн өмнө АНУ, Хятадын лидерүүд Аргентинд уулзахдаа 90 хоногийн завсарлага авч, энэ хооронд худалдааны шинэ гэрээ байгуулж чадахгүй бол АНУ нь хятад бараа үйлчилгээний экспортод шинэ татвар тогтоох юм.
Гэвч хэд хоногийн өмнө Хятадын Huawei компанийн удирдлагуудын нэг Мэн Ванжоуг Канадад баривчилсан нь Вашингтон-Бээжингийн маргаан гүнзгийрэх эрсдлийг нэмэгдүүлж, хоёр улсын хөрөнгийн зах зээлийг доргиогоод байгаа.