Хятад улс дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн АНУ-аас импортолж буй бүх бараанд 34 хувийн нэмэлт татвар ногдуулна гэж Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын комисс баасан гаригт мэдэгдэв.
Хятадаас АНУ-д нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнд “харилцан татвар ногдуулах” шийдвэрийг Америкийн засаг захиргаа гаргасны дараа дээрх мэдэгдлийг хийжээ. Комисс уг шийдвэрийг олон улсын худалдааны дүрэм журамд нийцэхгүй, Хятадын хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хохироосон, нэг талыг баримталсан дээрэнгүй үйлдэл гэж үзэж байна.
АНУ-ын энэхүү алхам нь тус улсын өөрийнх нь ашиг сонирхлыг хохироогоод зогсохгүй дэлхийн эдийн засгийн хөгжил, аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд аюул учруулж байна гэж тус комиссын мэдэгдэлд дурджээ.
Хятад улсын зүгээс татвар ногдуулах шийдвэрээ нэн даруй цуцалж, худалдааны маргааныг харилцан зөвшилцөх замаар эрх тэгш, хүндэтгэлтэй, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан шийдвэрлэхийг АНУ-ын талд уриалсан байна.
Эх сурвалж: Xinhua