АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч Жорж Герберт Буш (Эцэг) арваннэгдүгээр сарын 30-ны өдөр 94 насандаа таалал төгссөн тухай түүний хүү АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч Бага Буш мэдээлжээ.
Бүгд найрамдах намын гишүүн Эцэг Жорж Буш 1989-1993 онд АНУ-ын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан юм. Түүнийг засаглах хугацаанд Европт коммунизм нурж, Америкийн үзэл суртал, цэрэг дайны гол сөргөлдөгч ЗХУ задарч, Барууны орнуудын цэргийн эвсэл Саддам Хуссейнтай Персийн буланд дайтаж дэлхийн түүх орвонгоороо өөрчлөгдсөн билээ.
Эцэг Буш 1942 онд 18 насандаа фронтод сайн дураараа бүртгүүлэн Номхон далайд тулалдаж байсан бөгөөд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хамгийн залуу нисгэгч болж байжээ.
Дайны дараа Йелийн их сургуулийг дүүргэж, Бүгд найрамдах намд элсэн улс төрийн замналаа эхлүүлж байжээ. Мөн тэрээр 1964 онд анх улс төрд орхоосоо өмнө газрын тосны үйлдвэртэй байж.
2018 оны дөрөвдүгээр сард 73 жилийг хамтдаа өнгөрүүлсэн эхнэр Барбара Буш нь 92 насандаа өөд болж, Герберт Буш долоо хоногийн дараа эмнэлэгт хүргэгдэн нас барах хүртлээ эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан гэнэ.