Аргентины нийслэл Буэнос Айрест болж буй “Их 20”-ын чуулганы үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай хийх гэж байсан уулзалтаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цуцаллаа. Тэд маргааш уулзах байсан бөгөөд Керчийн хоолойд гарсан сөргөлдөөнтэй холбоотойгоор уулзалт цуцлагдсан байна.
Өнгөрсөн Ням гаригт Украины флотын гурван хөлөг Керчийн хоолойгоор дамжин Хар тэнгисээс Азовын тэнгист хүрэхээр явж байхад нь Оросын тал булаан эзэлсэн юм. Украины тал өөрийн хөлгүүдийг хоолойгоор нэвтрэхийн тулд урьдчилж Оросын хилийнхэнд мэдэгдсэн гэж байгаа бол Москва тэднийг хууль бусаар усан хилд халдсан гэж тайлбарлаж байгаа юм.
Ерөнхийлөгч Трамп Керчийн хоолойд гарсан энэ түрэмгийлэл түүнд таалагдахгүй байгааг мэдэгдсэн юм. Мөн ийм түрэмгийлэл Европ, Германд ч таалагдахгүй гэдгийг тэрээр онцолжээ.
Уг үйл явдлийн өмнө АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтон Их хорийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд болох АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтаар 2 орны харилцаа, зэвсэглэлд хориг тавих зэрэг Хельсинкийн анхны дээд уулзалтаар хөндсөн асуудлыг үргэлжлүүлж хэлэлцэх тухай мэдээлж байсан юм.
Харин өчигдөр ерөнхийлөгч Трамп өөрийн твиттер хуудсандаа “Украины хөлгүүд, усан цэргүүд Оросоос буцаж ирээгүй байгаа тул би Аргентинд ерөнхийлөгч Владимир Путинтай хийхээр төлөвлөсөн уулзалтаа цуцлах нь бүх талуудад ашигтай гэж үзэж байна. Асуудал аль болох түргэн шийдэгдсэний дараа илүү ач холбогдолтой уулзалтыг хийнэ гэдэгтээ итгэлтэй байна!” гэж бичжээ.