“Сүүлчийн эзэн хаан”, “Парисын сүүлчийн танго” зэрэг дэлхийн алдарт бүтээлүүдийн эзэн Италийн нэрт найруулагч Бернардо Бертолуччи хорт хавдар өвчний улмаас 77 насандаа таалал төгсчээ.
Тэрээр 1941 онд Италийн Пармад яруу найрагч, багшийн хүү болон мэндэлсэн бөгөөд үүнийхээ үрээр утга зохиол, урлагийнхны хүрээнд өсчээ.
Түүний 1972 онд бүтээсэн “Парисын сүүлчийн танго” кино нь олон улсад танигдах эхний алхам болжээ.
1978 онд найруулагч, кино зохиолч Клэр Пеплоетой гэрлэсэн бөгөөд хэдий хүүхэдгүй ч өдийг хүртэл хамтдаа амьдарч байв. Тэрээр 2003 онд нуруу нугасны мэс засал хийлгээд амжилтгүй болсон тул сүүлийн 10 гаруй жилийг тэргэнцэр дээр өнгөрүүлсэн юм.
Найруулагч Бернардо Бертолуччигийн “Парис дахь сүүлчийн танго”, “Сүүлчийн эзэн хаан”, “1900", "Мөрөөдөгчид" киног нь Монголын үзэгчид андахгүй мэдэх билээ.
Тэрбээр 1987 онд бүтээсэн “Сүүлчийн эзэн хаан” киногоороо "Оскар"-ын шагнал гардуулах ёслолоос “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч” зэрэг есөн Оскар хүртэж түүхэн амжилтыг тогтоосон найруулагч юм. Уг кино бүтээлээр Бээжингийн “Хориотой хот” дотор зураг авах эрх олж авсан нь холливүүд болон кино урлагийн салбарт анхны тохиолдол байжээ.
Бернардо Бертолуччи хамгийн сүүлд 2012 онд “Чи бидэн хоёр” киногоо хийжээ. Бернардо Бертолуччи найруулагчийн "Мөрөөдөгч" кино болон бусад гайхалтай уран бүтээлээс нь үүдэж "Алтан хальс" холбоо "Dreamers day" буюу "Мөрөөдөгчдийн өдөр" кино өдөрлөгийг 10 дахь жилээ тасралтгүй зохион байгуулж байна.