"Хойд болон Өмнөд Солонгосын цэргийнхэн хилийн цэрэггүй бүсэд хоёр орныг холбосон авто замыг холбосон" тухай Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам мэдээллээ. Ийнхүү Сөүл, Пхеньян хоёр 65 жилд анх удаа цэрэггүй бүсэд хоёр орныг 12 метрийн өргөнтэй шороон, сайжруулсан замаар холболоо.
“Энэ үйл явдал түүхэн ач холбогдолтой, дайн байлдаан болж байсан энэ газар хойд болон өмнөдыг авто замаар холбож байгаа нь өнгөрсөн дайны шархыг эдгээхэд чиглэсэн хамтарсан ажил үр дүнтэй урагшлахын тэмдэг мөнөөс мөн” хэмээн яамны мэдэгдэлд өгүүлжээ. Хоёр Солонгосын удирдагчид 3 дахь удаагаа уулзахдаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгийн аюул заналаас ангижруулахын тулд хүч чармайлтаа үргэлжлүүлэхээр тохирсон билээ. Мөн талууд энэ онд багтааж хоёр орныг авто болон төмөр замаар холбох ажлыг эхлүүлэхээр тохиржээ.
Түүнчлэн, өнөөдөр хилийн Панмунжом сууринд хоёр орны холбооны салбарын төлөөлөгчид уулзаж, хоёр орныг холбосон холбооны шугамыг шинэчлэх асуудлаар яриа хэлэлцээ хийжээ. Үүгээр холбооны хуучирсан зэсэн шугамыг шилэн кабелаар солих асуудлыг ярьсан байна. Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөл хоёр Солонгос хооронд холбооны шугам шинэчлэн тавих ажлыг Хойд Солонгосын эсрэг тогтоосон хоригоос хассан байна.