Олон жилийн турш Японы бизнесийн салбарт од болж байсан Карлос Госны эрин үе албан ёсоор өндөрлөлөө. Тэрээр санхүүгийн зөрчил гаргасан, авлига авсан шалтгаанаар баривчлагдсан юм.
Өчигдөр Токиод болсон Ниссан Моторс компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар түүнийг ТУЗ-ийн даргын суудлаас огцруулжээ. Мөн Ниссан Моторс компани мэдэгдэлдээ Госны хэргээс хамааран "Renault"-тай байгуулсан бизнесийн түншлэл нь задрахгүй, хэвээр үлдэнэ гэж мэдэгджээ.
Госн одоохондоо ТУЗ-ийн гишүүнээр үлдэж байгаа ба удирдах зөвлөлөөс бүр мөсөн гаргахын тулд хувь эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх аж.
Харин түүний эзэмшлийн Францын Renault компани шалгалтын дүнг гартал Карлос Госныг гүйцэтгэх захирал хэвээр үлдээх шийдвэрийг өчигдөр гаргажээ. Карлос Госн 2001 оноос эхлэн Nissan-Renault Alliance бизнесийн түншлэлийг байгуулж, хоёр компанийг хоёуланг нь удирдаж байсан юм. Сүүлд энэхүү бизнесийн хамтын ажиллагаанд Мицубиши Моторс нэгдсэнээр 2016 оноос эхлэн бас тус компанийн ТУЗ-ийн даргын албыг давхар хаших ирсэн юм.
Nissan-Renault-Mitsubishi нэгдлийн ерөнхий захирал Карлос Госныг Японы прокурорууд гэнэт баривчилсан юм. Түүнийг сүүлийн таван жилийн хугацаанд цалин орлогын хэмжээгээ бууруулж тайлагнасан, компанийн өмч хөрөнгийг хувьдаа ашигласан хэрэгт сэжиглэсэн байна.
Карлос Госн Рио де Жанейро, Бейрут, Парис, Амстердамд тансаг хувийн сууц эзэмшиж байснаа албаны бичиг баримтад тусгалгүй нууцалж байжээ. Хэрвээ Гон буруутай нь тогтоогдвол 10 хүртэл жил шоронд хоригдох аж.