АНУ-ын Калифорни мужийн өмнөд болон хойд хэсэгт дэгдээд байгаа түймрийн улмаас сураггүй болсон хүний тоо 600-гаас давжээ. Сураггүй болсон хүний тоо өчигдөр өглөөнөөс хойш ганцхан хоногийн дотор хоёр дахин нэмэгдсэн байна.
Мөн сүүлд долоон хүний цогцос олдсоноор амиа алдсан хүний тоо 66-д хүрсэн байна. Калифорни мужийн түүхэнд хамгийн их гамшиг хохирол дагуулж буй энэ түймэрт 12 мянга орчим барилга байшин шатаж үгүй болоод байгаа юм.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр түймэрт өртсөн бүс нутгуудын байдалтай биечлэн танилцаж, гамшигт нэрвэгдсэн хүмүүстэй уулзахаар төлөвлөөд байна. Одоогийн байдлаар Калифорнийн түймэртэй тэмцэх ажилд 9400 орчим гал сөнөөгч дайчлагдан ажиллаж байгаа юм байна.
Одоогоос найм хоногийн өмнө дэгдсэн Калифорни дахь түймэр хүчтэй салхины улмаас хоромхон зуурт газар авч тархсанаас зарим газар оршин суугчдад амь гарах цаг, боломж тун хомс байжээ.
Тус мужийн гал сөнөөх албаныхан одоогийн байдлаар нийт түймрийн 40 орчим хувийг цурманд оруулсан гэж мэдээлж байна.