БНХАУ-ын интернэт худалдааны компани “Алибаба” ням гаригт борлуулалтын шинэ дээд амжилт тогтоожээ. “Гоонь эрчүүдийн өдөр” гэгддэг жилийн худалдааны гол өдрөө тус компани эхний 85 секундэд нэг тэрбум доллар олсон байна.
Эхний нэг цаг өндөрлөх үед тус компанийн орлого бараг 10 тэрбумд хүрсэн байжээ. Мөн “Алибаба”-гийн нэгж хувьцаа 25.3 тэрбум доллар хүрч байсан 2017 оны дээд амжилтаа ч эвдсэн байна. Нийтдээ худалдан авагчид энэ өдөр өмнөх жилийнхээсээ 27 хувиар их буюу 30.7 тэрбум долларын худалдаа хийжээ.
“Алибаба” компани 2009 оноос “Гоонь эрчүүдийн өдөр” хэмээх баярыг санаачлан тэмдэглэж, энэ өдрөө янз бүрийн хямдралтай худалдаа явуулдаг байна. Гэрлэж амжаагүй ганц бие хүмүүст зориулсан энэ баяраа тус компани Европ дахинд хоёрдугаар сарын 14-нд тэмдэглэдэг "Гэгээн Валентины баяр"-тай дүйцүүлэн анх санаачилж байжээ.
“Алибаба”-гийн баяр бямба гарагт АНУ-ын дуучин Мерайя Кери, Канадын “Нарны цирк”-ийн үзүүлбэр сэлт оролцсон гала концертоор нээлтээ хийжээ. 24 цаг үргэлжилдэг энэ баяраар хэрэглэгчдийнх нь зарцуулж буй мөнгөний хэмжээнээс, худалдан авагчид өдөр тутмын амьдралын хэв маягаа эвдэх хүсэлтэй хэвээр байгаа нь харагдаж байна” гэж “Алибаба”-гийн захирал Дэниэл Чэнг ярьсан байна.
Ийнхүү энэ удаагийн хямдралтай худалдаагаар тус компани өмнөх бүх дээд амжилтаа эвдсэн боловч хүмүүст энэ үйл явдал дасал болохын хэрээр идэвх нь ч бас суларна гэж ажиглагчид үзэж байна. Тэгээд ч энэ жил “Алибаба” шинэ тутам бэрхшээлүүдтэй тулгарч эхлээд байгаагийн дотор зах зээлийн томоохон өрсөлдөгчид гарч ирсэн, эдийн засаг удааширсан, мөн Хятад-Америкийн худалдааны дайны нөлөөгөөр хувьцааны ханш нь унаж буй юм байна.
Мөн энэ сарын “зад хямдрал”-ын дараа үндэслэгч Жек Ма компанийнхаа удирдах бүрэлдэхүүнээс гарна гэсэн мэдээлэлтэй байгаа юм.