Испанийн Пальма хотод бизнесийн үйл ажиллагааны хариуцлагатай байдал сэдвээр зохион байгуулагдсан Олон улсын худалдааны танхимын хурал дээр бизнес эрхлэгчид нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй авлигын асуудлын эсрэг компаниуд хариуцлагатай арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар яригдсан байна.
Тухайлбал, Мексикийн Олон улсын худалдааны танхимын дарга Мариа Гарза “Авлига зах зээлийн тогтолцоонд аюул учруулж, шударга өрсөлдөөнийг байхгүй болгож, иргэдийн итгэх итгэлийг бууруулж, эрх зүйт ёсыг нурааж байна” гэж хатуу шүүмжилжээ.
Хурлын үеэр 28 орны 30 мянган хүн оролцсон Эделман Траст Барометрийн судалгааны үзүүлэлтийг танилцуулсан бөгөөд уг судалгаагаар чөлөөт ардчилалын тогтолцоотой гэж нэрлэгддэг Япон, Ирланд, Франц, АНУ зэрэг улс орнуудад иргэдийн итгэл буурч байгааг харуулсан байна. Хурлын төгсгөлд оролцогчдод том, жижиг компаниудад зориулсан испани хэлээрх бизнесийн шударга байдлын компендиум нэвтрүүлж байгаагаа танилцуулжээ. Энэхүү компендиум нь үйлдвэрлэл, худалдаа, санхүүгийн салбарын, туршлагатай мэргэжилтнүүд хамтран боловсруулсан бөгөөд компанийн дотоод хяналтыг сайжруулахад чиглэсэн баримт бичиг юм байна.