Тэрбумтан, Ардчилсан намын ивээн тэтгэгч Жорж Сорос цагаачдын цувааг санхүүжүүлж байна гэсэн онолыг үнэн байж магадгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп таамаглаж байна гэж The Washington Post сонин бичжээ.
Төв Америкаас Мексикээр дамжин АНУ-ын хил рүү явж байгаа цагаачдын цувааг хэн нэгэн санхүүжүүлж байна гэж та бодож байна уу гэсэн асуудлыг сэтгүүлчид Трампт тавив.
"Би гайхахгүй байгаа, тийм ээ, үүнд би огт гайхахгүй" гэж ерөнхийлөгч хариулсан байна.
Цагаачдыг Ж.Сорос санхүүжүүлж магадгүй гэдгийг та хэрхэн үзэж байна гэсэн асуултад “Хэн гэдгийг би мэдэхгүй, Үүнд би өчүүхэн ч гайхахгүй. Олон хүн тэгж яриад байгаа юм” гэж Трамп хэлжээ.
Энэ долоо хоногт болох Конгрессын завсрын гэх сонгуулийн өмнө Трамп нэг биш удаа тэмдэглэхдээ цагаачдын цувааг АНУ-ын цагаачдын бодлогын бэлгэдэл гэж нэрлэсэн байлаа. Цагаачдын цувааг “маш том аюул” гэж Трамп сэтгүүлчдэд хэлжээ.
Ж.Сорос цагаачдын цувааг санхүүжүүлсэн гэх онол цагаачдын анхны давалгаа хойд зүгийг чиглэн гуравдугаар сарын сүүлчээр гарч ирсэн байна. Энэ тухай яриа сүүлийн долоо хоногуудад бас эрчээ авчээ. Флорида мужийн конгрессмен бөгөөд бүгд найрамдагч Мэтт Гетц өөрийн Twitter хуудсандаа видео тавьжээ. Тэнд хэн нэгэн дүрвэгчдэд мөнгө өгч тэднийг “АНУ-ын хилээр дайран орохыг” турхирч буй зураглал байгаа ба конгрессмен үүнд Ж.Сорос хамаатай гэсэн таамаг дэвшүүлжээ.
Өмнө гарсан мэдээний дагуу АНУ-ын Ерөнхийлөгч цагаачдын хүүхэд төрөхдөө шууд л АНУ-ын иргэн болдог эрхийг цуцлах зарлиг гаргахаа мэдэгдсэн.
"Хүн хүрч ирээд л хүүхдээ төрүүлдэг. Тэр хүүхэд нь шууд л бүх эрхийг эдэлсэн иргэн нь болж байдаг дэлхийн цорын ганц орон нь бид болж байна. Инээд хүрмээр. Үүнийг зогсоох ёстой” гэж Трамп Axios хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн билээ.
М.Цогт