Оросын экс-тагнуулч Сергей Скрипалыг охиных нь хамт Англи дахь гэртээ байхад нь химийн зэвсгээр хордуулж, хөнөөхийг завдсан хэрэг даамжирч, томорсоор одоо дипломат “дайн”-ы хэмжээнд хүрчээ. Дэлхийн түүхэнд олон улсын дипломат талбарт том үйл явдал “Хүйтэн дайн”-аас өөр гарч байсангүй.
Их Британи, АНУ тэргүүтэй дэлхийн 30-аад улс Оросын дипломатчидыг нутгаасаа хөөхөөр шийдсэн. Хэсэг хугацаанд чимээгүй байсны эцэст ОХУ ч мөн хариу мэдэгдэв. Тэд яг л ижил хариу барихаар шийдсэнийг Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлсэн юм.
ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ОРОСЫН ЭСРЭГ ЯМАР ШИЙДВЭР ГАРГАВ?
ЕВРОПЫН ХОЛБООНЫ ОРНУУД:
БЕЛЬГИ: Их Британитай эрх ашиг, сонирхол нэгтэй гэдгээ батлан харуулахын тулд Бельги улс Оросын нэг дипломатчийг хөөн гаргах тухай тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдэв.
ХОРВАТ: Оросын нэг дипломатчийг нутгаасаа хөөн гаргана гэж Хорватын Ерөнхий сайд Андрей Пленкович мэдэгдэв.
ЧЕХ: Чех улс Оросын гурван дипломатчийг нутгаасаа гарахыг шаардана гэж тус улсын Ерөнхий сайд Андрей Бабиш, Гадаад хэргийн сайд Мартин Стропницки нар хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн юм. Чехийн Гадаад хэргийн яамны албан ёсны твиттер хуудсанд мөн Оросын гурван дипломатчийг “persona non grata” буюу тааламжгүй этгээд хэмээн зарлав.
Зургийн тайлбар: Их Британи Оросын дипломатчийг хөөн гаргахаар шийдсэний дараа Лондон дахь ОХУ-ын Элчин сайдын яамны гадна
ДАНИ: Оросын хоёр дипломатчийг хөөн гаргана гэж Данийн Гадаад хэргийн яамнаас мэдэгдэв. “Орос улс Барууны үнэт зүйл, эрхэмлэх зүйлийг үл тоомсорлож, дүрэм журамаар зохицуулагддаг олон улсын хэв журмыг үл хайхарч, заналхийлж байгаа үед Дани улс Британитай нэг байр суурьт бат зогсох болно” хэмээн Гадаад хэргийн сайд Андерс Самуэлсен хэлсэн байна.
ЭСТОНИ: ОХУ-ын Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташег нутгаасаа хөөн гаргана гэж Эстонийн Гадаад хэргийн сайд мэдэгдэв.
ФИНЛЯНД: Финлянд Оросын нэг дипломатчийг хөөн гаргана гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэв.
ФРАНЦ: Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив ле Дриан Оросын дөрвөн дипломатчийг нутгаасаа хөөн гарах шийдвэрээ танилцуулж, тэдэн долоо хоногийн хугацаа олгосон гэж мэдэгдэв. “Халдлага бидний нийтлэг, нэгдсэн аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна” гэсэн Европын зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн ийм шийдвэр гаргаж буйгаа тэрбээр онцолжээ.
ГЕРМАН: Германы Гадаад хэргийн сайд даваа гаригт /2018.03.26/ мэдэгдэл хийхдээ, Оросын дөрвөн дипломатчийг нутгаасаа гаргана гэсэн юм.
УНГАР: Унгарын Засгийн газар мөн л Оросын нэг дипломатчийг нутгаасаа гарах шаардлагыг ОХУ-ын Элчин сайдын яаманд хүргүүлсэн байна. “Сонгогдсон” дипломатч нь мөн тагнуулын ажиллагаа явуулсан гэж буруутгажээ.
ИРЛАНД: Оросын нэг дипломатчийг нутгаасаа гаргах болсон тухай Ирланд Гадаад хэрэг, худалдааны сайд Саймон Ковени өнгөрсөн мягмар гаригт /2018.03.27/ мэдэгдэв.
ИТАЛИ: Ром дахь ОХУ-ын Элчин сайдын яамны хоёр ажилтныг нутгаасаа албадан гаргах тухай Италийн Гадаад хэргийн сайд мэдэгдэв. Энэ нь Их Британитай эрх ашиг, сонирхол нэг бөгөөд Европын холбоо болон НАТО-гийн хамтын ажиллагааны хүрээнд авч буй арга хэмжээ гэж тайлбарлав.
ЛАТВИ: Нийслэл Рига дахь Оросын компанийн төв салбарыг удирддаг нэг иргэнийг болон өөр нэг дипломатчийг нутгаасаа хөөн гаргана гэж Латвийн Гадаад хэргийн сайд мэдэгдэв.
ЛИТВА: Тус улсын Гадаад хэргийн сайд Линас Линкевичус Их Британийн шийдвэрийг хүндэтгэж, Оросын гурван дипломатчийг хөөв. Түүнчлэн Оросын 21 иргэний эсрэг хориг тавьж, өөр 23 иргэнийг Литвын хилээр нэвтрэхийг хроригложээ.
ЛЮКСЕМБУРГ: Тус улсын Гадаад хэргийн сайд Москва дахь Элчин сайдаа эгүүлэн татаж буйгаа мэдэгдэв.
НИДЕРЛАНД: “Химийн зэвсгийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээгээд, Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте Оросын хоёр дипломатчийг нутгаасаа гаргах тухай мэдэгдэв.
ПОЛЬШ: Польшийн Гадаад хэргийн сайд Оросын дөрвөндипломатчийг нутгаасаа хөөн гаргахаа мэдэгдэв.
РУМЫН: Румыны Гадаад хэргийн яам албан ёсны твиттер хуудсандаа Оросын нэг дипломатчийг нутгаасаа гаргаж буйгаа бичив.
ИСПАНИ: Испани улс Оросын хоёр дипломатчийг хөөв.
ШВЕД: Оросын нэг дипломатчийг хөөж буйгаа мэдэгдэв.
ЕВРОПЫН ХОЛБООНЫ БУС ОРНУУД:
АЛБАНИ: Албанийн Гадаад хэргийн яамнаас албан ёсны мэдэгдэл гаргаж, Оросын хоёр дипломатчийг хөөж буйгаа мэдэгдэв. Тэднийг “тааламжгүй этгээд” хэмээн зарлаж, дипломат эрх ямбанд тохирохгүй үйлдэл гаргасан гэсэн байна.
АВСТРАЛИ: Оросын хоёр дипломатчийг Венийн конвенцийг зөрчсөн үйлдэл гаргасан гэж нутгаасаа хөөх шийдвэр гаргав. Тэднийг долоо хоногийн хугацаанд Австралийн нутаг дэвсгэрээс гарахыг шаарджээ.
КАНАД: Оросын дөрвөн дипломатчийг хөөн гаргахаар шийдэв. Канад улсын аюулгүй байдал, ардчилалд заналхийлсэн үйлдэл гаргасан гэх үндэслэлээр ийнхүү шийджээ.
МАКЕДОН: Экс-тагнуулч Скрипалын хэрэгтэй холбоотойгоор Оросын нэг дипломатчийг нутгаасаа гаргаж буйгаа Македоны Гадаад хэргийн яамнаас мэдэгдэв.
МОЛДАВ: Тус улсын Гадаад хэргийн сайд Оросын гурван дипломатчийг нутгаасаа гаргаж буйгаа мэдэгдэв.
МОНТЕНЕГРО: Оросын нэг дипломатчийг нутгаасаа гаргаж буйгаа мэдэгдэв.
НОРВЕГ: Английн Салисбюри дэх халдлагын хариуд Норвег Оросын нэг дипломатчийг нутгаасаа гаргах шийдвэр гаргажээ.
УКРАИН: Ерөнхийлөгч Петро Порошенко Оросын 13 дипломатчийг нутгаасаа хөөн гаргаж буйгаа мэдэгдэв.
АНУ: Тагнуулын агент хэмээн тодорхойлсон Оросын 60 дипломатчийг хөөж буйгаа Цагаан ордон мэдэгдэв. Түүнчлэн Сиаттл дахь Оросын Дипломат төлөөлөгчийн газрыг хаасан нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Оросын эсрэг авч хэрэгжүүлж буй хамгийн хүчирхэг акц гэж болно.
Б.НАНДИН
Сэтгэгдэл (1)