Япон улсын далайн хамгаалалтын албанд 1987 онд Эсанбэ Ханакита Кожима нэрээр бүртгэгдсэн жижиг арал алга болсон тухай мэдээлэл цацагдаад байна. Японы хойд хэсэгт оршдог, хүн амьдардаггүй энэхүү жижиг арал живж алга болсноор усан хил нь тодорхой хэмжээгээр хумигдахад хүржээ.
Японы гол арлуудыг тойроод нийт 158 ийм эзгүй, жижиг арал оршдог бөгөөд Японы засгийн газар хил хязгаараа батлахын тулд тэдгээрт 2014 онд албан ёсоор нэр өгч, бүртгэж байсан байна.
Тус алга болсон арлын бодит хэмжээ гэж бичигдсэн зүйл байхгүй боловч далайн түвшнээс дээш 1.4 метр өндөр өргөгдсөн, Хоккайдогийн хойд хэсгээс харж болдог байжээ. Хэдий жижиг ч гэлээ нэг арал ийнхүү оргүй алга болсон нь тун хачирхалтай юм.
Япон улс газар хөдлөлт, цунами зэрэг байгалийн гамшиг, эрс тэс цаг уурын улмаас газар нутгийнхаа хэсгүүдээс алдсаар байгаа гэдэг.
Уг арал дээр хэдийгээр хүн амьдардаггүй боловч живсэн Эсанбэ Ханакита Кожима арал нь Оростой маргаантай Курилын арлуудын баруун талд оршдог тул Токиогийн хувьд чухал эзэмшил нь байсан аж.
Японы хилийнхэн арлын байгаа газарт хайгуул хийж баталгаажуулна. Хэрвээ живсэн нь батлагдвал Японы усан хил энэ хэсэгт хагас километрээр хумигдах ажээ.
Япон улс нь өөрийн гадаад арлуудаас гадна Номхон далай дахь Окинотори арлыг хамгаалдаг. Мөн хөрш зэргэлдээ Хятад, Солонгос улсуудтайгаа зарим арлуудыг өөрсдийнх мөн эсэх талаар болон тусгаар тогтнолынх нь талаар маргаантай хэвээр байна.