Өөр материалаар орлуулах бололцоо бүхий нэг удаагийн хэрэглээний ихэнх хуванцрыг Европын Парламент хориглохоор санал хураагаад байгаа. Хориглох болсон гол шалтгаан нь дэлхийн далай тэнгис хуванцраар бохирдож гүйцсэн явдал.
Энэ долоо хоногт хэлэлцэж зөвшөөрсөн төслөөр хуванцар халбага, сэрээ, хутга, таваг, дийз, ундааны соруул, үлээдэг бөмбөлөгний тогтоогуур гэх мэт асар олон төрлийн хуванцар эд зүйлийг Европын Холбооны гишүүн улсуудад 2021 оноос бүрэн хориглоно.
Европын Комиссын тооцоогоор дэлхийн далай тэнгисийн бохирдлын 80 хувь нь хуванцар. Үүний 70 хувь нь дээр дурдсан нэр төрлийн бүтээгдэхүүн байгаа юм.
Гэхдээ хуванцар нь хэрэглээ сайтай, ашиг тустай, эдийн засгийн үнэ цэнэтэй материал учраас дахин ашиглах шаардлагатайг Европын Комисс тайлбарлаж байгаа.
Лондонд байрладаг Studio Wave-ыг үндэслэгч Бенжамин Хуберт зэрэг нэр хүндтэй зарим уран барилгач, архитектор дизайнер ч ийм хаягдал хуванцрыг дахин ашиглах хэрэгтэй гэсэн шийдвэртэй байна.