Хүн төрөлхтөн XXI зууны босго давсан цагаас эхлэн дэлхий нийтийн халуун цэг байсаар ирсэн Солонгосын хойгийн хурцадмал байдал намжиж, хоёр Солонгосын дайсагнал эерэх хандлага ажиглагдсаар байна.
1950-1953 онд үргэлжилсэн Солонгосын дайны дараа талууд гал зогсоох гэрээнд гарын үсэг зурснаас бус энхийн гэрээ байгуулаагүй. Тиймээс хоёр Солонгосын дайн албан ёсоор дуусаагүй гэгддэг билээ.
Хилийн шугамын наана, цаана гарсан Хойд ба Өмнөд Солонгосын удирдагчид төрийн дээд хэмжээний уулзалт хийхээр товлосон нь хоёр улсын харилцаанд гарсан томоохон дэвшил юм. Арав гаруй жилийн тохиох түүхэн уулзалтыг ирэх дөрөвдүгээр сарын 27-нд хийхээр талууд тохирчээ.
Хоёр улсын Засгийн газрын түвшинд яригдсан энэ асуудлыг Өмнөд Солонгосын төлөөлөгч албан ёсоор өнөөдөр мэдэгдлээ. Төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах асуудлаар дөрөвдүгээр сарын 4-нд ажил хэргийн уулзалт хийнэ. Түүгээр нарийн ширийн зүйлсийг эцэслэх ажээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзана. Өдөр, байрлалыг албан ёсоор товлоогүй байгаа ч энэ уулзалтаар Ким цөмийн зэвсгээс татгалзах асуудлаар чухал яриа, хэлэлцээ хийх юм.
Энэ чухал уулзалтын өмнө Ким Жон Ун өнгөрсөн өдрүүдэд Хятадад айлчилж, Ши Жиньпинтэй уулзсан. 2011 онд төрийн эрхийг эцгээсээ залгамжлан авсан Ким Жон Ун анх удаа хилийн дээс алхаж, гадаад айлчлал хийсэн нь энэ байв.
Уулзалтын дараа Бээжин цаашид Хойд Солонгостой найрсаг харилцаагаа үргэлжлүүлэх болно гэж байр сууриа илэрхийлсэн юм.
Б.НАНДИН
Сэтгэгдэл (1)