Японы засгийн газрын өндөр албан тушаалтан Хойд Солонгосын тагнуулын алба болох Хөдөлмөрийн Намын Нэгдсэн Фронтын албан тушаалтантай энэ сарын эхээр Монголын улсын нийслэл Улаанбаатар хотод уулзсан тухай Японы “Кyodo” агентлаг мэдээллээ.
Эх сурвалжуудын хэлж байгаагаар уулзалт аравдугаар сарын 6-8-ны өдрүүдэд болсон байна. Талууд 1970-1980-аад оны үед Пхеньянд хулгайлагдсан япон иргэдийн талаар хэлэлцжээ. Удаан хугацааны турш маргаантай байж ирсэн энэ асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдэх найдвар нэмэгдэж байгаа аж.
Дурдвал, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ асуудлыг хэлэлцэх дээд хэмжээний уулзалт хийх хүсэлтэй байгаагаа БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унд илэрхийлсэн бөгөөд нааштай хариу авсан гэнэ. Гэвч хулгайлагдсан иргэдийн асуудал шийдэгдэх эсэх нь одоогоор тодорхой бус байгаа юм. Японы албаныхны баримтжуулснаар улсынх нь 17 иргэн БНАСАУ-ын тагнуулуудад баригдсан бөгөөд тэдний тав нь 2002 онд эх орондоо эргэн ирсэн байна.
Харин Японы Засгийн газар энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байгаа аж.