“Фэйсбүүк” компани сонгууль дахь хөндлөнгийн оролцоотой тэмцэх тусгай хэлтэс байгуулжээ. “Удирдах төв” гэж нэрлэсэн уг хэлтэс нь хуурамч мэдээлэл тарахаас урьдчилан сэргийлж ажиллах аж.
Хуурамч мэдээлэлтэй тэмцэх тухайн хэлтэс Калифорнид төвлөрч ажиллах бөгөөд мэдээлэл задлан шинжилгээ болон програмчлалын салбарын 20 орчим шинжээчээс бүрджээ. Тэд АНУ болон Бразилийн сонгуулийн үеэрх сэжиг бүхий хаягуудыг мөшгиж тандан ажиллах юм байна.
Энэ сарын 28-нд Бразилд Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болох бол ирэх сарын 6-нд АНУ-ын Конгрессийн завсрын сонгууль болно. "Фэйсбүүк"-ийн 87 сая хэрэглэгчийн мэдээлэл “Кэмбриж Аналитика” компаниар дамжин алдагдсан хэрэг өнгөрөгч гуравдугаар сард ил болж байсан.
Энэ бүхэн АНУ-ын сонгуульд оросууд хөндлөнгөөс нөлөөлсөн, тэр дундаа "Фэйсбүүк" ашигласан гэдэг АНУ-д мөрдөн шалгалт нь үргэлжилж буй ажлын хүрээнд авч байгаа арга хэмжээ болж байна.