Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өчигдөр Ватиканд айлчлах үеээрээ Ромын католик шашны тэргүүн Пап ламтай уулзаж Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны гараар бичсэн урилгыг шашны тэргүүнд дамжуулсан байна. Пап лам Ким Жон Уны урилгыг хүлээж байснаа хэлж, Хойд Солонгост айлчлахаа амласан аж.
Тэрээр урилгын хариуг удахгүй албан ёсоор өгнө гэж Мүүн Жэ Инд хэлсэн байна. Энэ үед айлчлалын тов тодрох бололтой. Ингэвэл Ромын католик шашны тэргүүн анх удаа коммунист Хойд Солонгосын нутагт хөл тавьсан хэрэг болох юм.
Уулзалтын үеэр Пап лам Солонгосын хойгт энх тайван тогтоох үйлсийг тууштай дэмжиж байгаа илэрхийлжээ.
Өмнө нь Хойд Солонгосын удирдагч пап лам хоёрдугаар Жон Паулыг урьж байсан боловч пап лам Хойд Солонгосын төр засаг ард иргэдийнхээ шашин шүтэх эрх чөлөөг хатуу хязгаарладаг гэсэн шалтгаанаар татгалзаж байжээ.
Хойд Солонгос нь Ватикантай дипломат харилцаагүй. Тус улсын үндсэн хуулинд төрийн эсрэг ажиллагаа явуулаагүй тохиолдолд бүх шашныг зөвшөөрнө гэж тунхагласан байдаг ч бодит байдал дээр шашны ямар нэг үйл ажиллагааг нээлттэй явуулахыг хориглодог.
Хойд Солонгост 2,500 орчим католик шашинтан байдаг гэсэн тоо бий. Харьцуулбал Өмнөд Солонгост 5.5 сая католик шүтлэгтэн байдаг.
Эх сурвалж: Korea Times