Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өнөөдөр Ватиканд айлчилж байна. Ватиканд Солонгосын хойгийн энх тайвны төлөөх мөргөл өчигдөр зохион байгуулагдсан бөгөөд католик шашинтай Өмнөд Солонгосын ерөнхийлөгч энэ үеэр илтгэл тавьсан байна. Тэрээр, “Солонгосын хойгт энхийг тогтоож чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Бидний залбирал бодит амьдралд хэрэгжихийн ерөөлийг дэвшүүлж байна” гэж хэлжээ.
Мөн Мүүн Жэ Ин ерөнхийлөгчийн Ватиканд айлчилсан бас нэгэн зорилго нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны урилгыг пап ламд дамжуулах аж. Өнгөрсөн сард хоёр Солонгосын тэргүүн нар уулзах үеэр Ким Жон Ун пап ламыг Хойд Солонгост урих хүсэлтэй байгаагаа уламжилсан байна.
Өмнө нь Хойд Солонгосын удирдагч пап лам хоёрдугаар Жон Паулыг урьж байсан боловч пап лам Хойд Солонгосын төр засаг ард иргэдийнхээ шашин шүтэх эрх чөлөөг хатуу хязгаарладаг гэсэн шалтгаанаар татгалзаж байжээ.
Харин одоогийн пап лам Францис асуудалд илүү уян хатан хандаж байгаа ажээ.