Фэйсбүүк Мессенжэрээр бусдад бичсэн мессэжээ хүлээн авагчийг харахаас өмнө устгах боломжтой “Unsend” товчийг удахгүй бүх хэрэглэгчдэд хүргэхээр туршиж байгаа тухай эх сурвалжууд мэдээллээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Марк Цукербергийн явуулсан чатууд устсан байхыг хэд, хэдэн эх сурвалжууд батлаад байсан юм. Уг үйлдлийн маргааш нь Фэйсбүүк Unsend хэмээх функцийг хүн бүрт нээлттэй болгохоор ажиллаж байгаа гэдгээ мэдэгдсэн билээ.
Шинэ боломж дараагийн хувилбартай цуг нэвтрэх магадлалтай байгаа гэнэ. Одоогоор тус мессенжэрт бичсэн мессэжээ устгах “delete” товч байдаг ч энэ нь зөвхөн бичсэн хүний цонхноос л устгадаг юм. Өөрөөр хэлбэл нэгэнт илгээсэн мессэжийг хүлээн авагчийн цонхноос арилгах, буцаах ямар ч боломжгүй билээ. Харин энэхүү Unsend-ын тусламжтайгаар хүссэн чатаа хүлээн авагчийн inbox-оос хүртэл устгах боломжтой болох аж. Гэхдээ уг туршилтын хувилбарт чатаа бүр мөсөн устгах цагийн хязгаар байгаа бөгөөд энэ нь та явуулсан чатаа тодорхой хугацааны дотор л устгах боломжтой гэсэн үг.
Өмнө нь бичсэн мессэжээ устгадаг функцийг Фэйсбүүкийн дээд албан тушаалтнууд нууцаар хэдэн жилийн турш ашиглаж байсныг сүүлд зарим хэвлэлүүд олж тогтоожээ. 2014 онд Sony Pictures компани хакеруудад дотоод мэдээллээ алдаж, удирдлагуудын хоорондоо харилцаж байсан мессэжүүд ил болж байв. Энэ явдлаас сургамж авсан Фэйсбүүк компани илгээсэн мессэжээ устгах боломжийг зөвхөн захирлуудынхаа хүрээнд бий болгон ашиглаж эхэлсэн юм байна. Тэгвэл тун удахгүй энэ онцгой боломж удахгүй бүх хүний хэрэглээ болох гэж байгаа ажээ.