Унгарт энэ сарын 15-наас эхлэн орон гэргүй хүмүүсийг олон нийтийн газарт байлгахыг хориглосон шийдвэр хэрэгжиж эхэлжээ. Хоригийг зөрчсөн тохиолдолд мөнгөн торгууль оногдуулах, эсвэл хорьж шийтгэхээр заасан байна. Мөн цагдаа нар одооноос гудамж талбайд хоног төөрүүлж буй орон гэргүйчүүдийг хөөж, түр оромжийг нь нурааж буулгах эрхтэй болж байгаа юм байна.
Одоогийн байдлаар Унгарт 50 мянга орчим орон гэргүй хүн байдаг гэсэн албан бус тоо бий. Тэднээс зөвхөн 11 мянга гаруйг нь л төрөөс хоргодох байраар хангадаг байна. НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар өнгөрөгч зун, дээрх хуулийг баталсан Унгарын парламентын гишүүдийг шүүмжилж байсан.
“Орон гэргүй тэнүүчлэхийг гэмт хэргийн зэрэгт авч үзэхэд хүргэж байгаа” энэ хууль харгис хэрцгий бөгөөд хүний эрхийн салбар дахь олон улсын хэм хэмжээнд харшилж байгааг НҮБ-ын тус алба мэдэгдсэн. “Шинэ хууль хүний эрхийг зөрчиж, иргэний нийгмийг аюулд оруулж, эрх зүйг дээдлэх ёсыг алдагдуулж байна” гэж олон улсын хүний эрхийн “Эмнэсти интернэшнл” байгууллага энэ асуудлаар тусгайлан гаргасан тайлан илтгэлдээ өгүүлсэн байна.