Вашингтон муж улсын дээд шүүх ийм шийдвэр баталжээ. Үүнээс өмнө нь Вашингтонд ялын дээд хэмжээ гүйцэтгэхээс түр түдгэлзэж байжээ.
Шүүхийн шийдвэрийн дагуу өмнө оноосон цаазаар авах ялуудыг бүх насаар нь хорих ял болгон өөрчлөх ёстой болж байгааг “Вашингтон пост” сонинд мэдээлсэн байна.
Тус муж улсын хорих газруудад шүүхээс цаазын ял сонссон найман хүн хоригдож буй юм байна. Тэднийг хэрхэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
АНУ-ын 30 муж улс цаазаар авах ялыг хэрэглэдэг. Холбооны хуульд мөн ийм ял оноох заалт байдаг. АНУ-ын Үндсэн хуулийн наймдугаар өөрчлөлтийн дагуу хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн этгээдийн үйлдсэн хүндрүүлэх нөхцөл бүхий хүн амины хэрэгт зөвхөн уг заалтыг хэрэглэхээр хязгаарласан байдаг.
Харин одооноос Вашингтон цаазаар авах ял оноодоггүй 20 дахь муж улс болж байна. Үүний зэрэгцээ цаазын ял оноох тоо сүүлийн жилүүдэд илт буурсан дүнтэй байгаа ажээ.