АНУ-ын холбооны мөрдөх товчоо Оросын долоон иргэнийг “кибер дайралт”-д буруутган сэжиглэж байгаагаа зарлаж, гэрэл зургийг нь нийтэд дэлгэсэн байна. Артем Малышев, Дмитрий Бадин, Алексей Минин, Евгений Серебряков, Алексей Моренец, Олег Сотников, Иван Ермаков гэсэн энэ нөхдийг “бүгд ОХУ-ын Тагнуулын газрын удирдах ажилтнууд” гэж мэдэгджээ.
Үүний өмнө Нидерландын Цэргийн тагнуулын газрын төлөөлөгч Онно Эйхелсейн бас оросын дөрвөн иргэнийг “Химийн зэвсгийг хориглох байгууллагад хакерийн халдлага хийх гэж байсанд сэжиглэж байна” гээд нэрийг нь дэлгэж байсан юм. Амстердамын баталснаар бол тэдний дунд кибер мэргэжилтэн Алексей Моренец, Евгений Серебряков, мөн Олег Сотников, Алексей Минин нар байгаа юм байна. Тэд бүгд дипломат пасспорттой байсан гэж Амстердам мэдэгдэж байгаа юм.
АНУ-ын Хууль зүйн яам энэ долоон хүнийг спортын байгууллага, Гаага дахь химийн лаборатори, цөмийн Westinghouse компаниудад хакер дайралт хийх гэж байсан гэсэн байна. АНУ-ын мэдээллээр эдгээр хүмүүс Оросын иргэн Сергей Скрипаль, түүний охиныг Лондонд хордуулж алахад ашигласан хорыг судалж байсан швейцарийн лабораторийн серверийг эвдэлсэн гэнэ.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн яам энэ буруутгалыг “сайтар найруулсан жүжиг” хэмээн нэрлэж няцаажээ.
“Ардчилал таймс” сонин