Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдагон Европын холбоонд нэгдэх асуудлаар бүх ард түмний санал асуулга явуулах талаар Засгийн газарт асуудал оруулна гэж мэдэгдсэнийг Reuters агентлаг дамжууллаа.
“Өнөөдөр 2018 он. Тэд /Европын холбоо/ урьдын адилаар биднийг хүлээсээр л байгаа. Энэ бол энэ асуудлаар бид 81 сая иргэндээ хандаж ямар хариу өгөхийг нь мэдэх хэрэгтэй гэсэн үг” гэж тэр онцолсон байна.
Эрдагон бас энэ асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах талаар улс орныхоо бусад удирдагчидтай зөвлөлдөнө гэжээ.
Туркт айлчилж байгаа Нидерландын Гадаад хэргийн сайд Стеф Блок Туркийг Европын холбоонд элсүүлэх хэлэлцээрийн явц мухардалд ороод байна гэж мэдэгдсэн байна. Энэ хэлэлцээрийг гацаанаас гаргахын тулд Турк улс Европын холбооны шаардлагыг биелүүлэх ёстой гэсэн байна.
1964 оноос хойш Европын холбооны хараат бус гишүүн байгаа Турк улс Европын холбоонд элсэхээр 1987 оны дөрөвдүгээр сарын 14-нд өргөдлөө өгсөн юм. Улмаар тус улсыг элсүүлэх эсэх тухай хэлэлцээр 2005 оны аравдугаар сарын 3-наас эхэлжээ. Энэ холбоонд элсэхийн тулд Турк улс Еврокомисстой хийж байгаа хэлэлцээрэ амжилттай дуусгахын тулд хэлэлцээрийн 35 заалтаас 33-ыг нь тохиролцох ёстой. Үүний дараа л Европын холбоо Туркийг бүрэн эрхт гишүүнээр бүртгэж авна.
Туркийн засаг захиргаа Үндсэн хуулийн шинэчлэл хийгээгүй учраас Европын холбоонд элсүүлэх хэлэлцээрээ зогсоохыг Европарламентаас Еврокомисс болон Европын холбооны гишүүн орнуудад уриалсан зөвлөмж 2017 оны долдугаар сарын 6-нд гарсан юм.
2017 оны дөрөвдүгээр сард Туркийн үндсэн хуулийн шинэчлэлийн талаар бүх нийтийн санал асуулга явуулсан ч Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг улам өргөжүүлсэн байна.
“Ардчилал таймс” сонин