Сүүлийн хэдэн жилд Хятад улс агаарын бохирдлоо бууруулж, экологийн нөхцөл байдлаа сайжруулахын төлөө эрчимтэй ажиллаж байна. Энэ хүрээндээ металлургийн болон нүүрс, эрчим хүчний салбартаа өөрчлөлт хийж байгаа юм. 2015 оноос металлургийн хүчин чадлаа танах бодлого явуулж байна. Экологийн энэ хөтөлбөрийн нэг гол ажил нь байгууллага, орон сууцны хорооллыг нүүрсний хэрэглээнээс байгалийн хийн хэрэглээнд шилжүүлэх ажил.
Гурван жилийн өргөтгөсөн хөтөлбөрт зааснаар бол 2020 он гэхэд Хятад улс 82 хотдоо нүүрсний хэрэглээг 2016 оныхоос 5-10 хувь бууруулах зорилт тавьжээ. Хятад улс нүүрсний хэрэглээгээ ингэж танах нь 2020-2021 онд дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийг унагахад хүргэнэ гэж Оросын Газпром банкны Эдийн засгийн төлөвийн төвийн захирал Айрат Халиков үзэж байна.
Чанартай нүүрсний дундаж үнэ 2018 оны эхний хагас жилд тонн нь 103 ам.доллар байсан. Хятад хэрэглээгээ хумьснаар нэг тонных нь үнэ бараг гуравны нэгээр унаж 70-80 доллар болоод байна.
Гэхдээ Хятад чанартайгаасаа илүүтэй дундаж калортой нүүрс ихээр худалдан авч нэг тонных нь үнийг 52-69 доллар болгоно гэж Халиков хэлж байна.
“Хятадын эдийн засаг дэлхийн нүүрсний хэрэглээ, үйлдвэрлэлийн 50 хувийг хангадаг болохоор дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ, экспортын урсгалд нэг их ноцтой нөлөө үзүүлэхгүй” гэж Халиков хэлжээ.
Орос улс гэхэд л олборосон коксжих нүүрснийхээ бараг тал хувь, 2017 онд 305 сая тонн олборлосныхоо 143 сая тонныг экспортод гаргадаг. Үүнийхээ 13 хувийг Солонгост, 9,6 хувийг нь Японд, 10,5 хувийг нь Хятадад нийлүүлдэг байна. Энэ бол чанартай, үнэтэй нүүрсний тухай яриа.
Хятад бас доод чанарын нүүрс ихээр худалдан авч байгааг шинжээч баталж байна. Үүний гол нийлүүлэгч нь Индонез улс гэнэ. Энд түүхий нүүрсийг хэлж байгаа юм.
Нүүрсний үнэ эрчимтэй унасаар байх уу?
Оросын нүүрсний компаниуд ч авч болно шүү дээ гэж Халиков хэлж байна. Гэхдээ өндөр ашгийн цаг үе өндөрлөж байгаа. Нүүрсний компаниуд багахан ашигтай л ажиллана.
Халиков, үнэтэй нүүрсний хуваарилалт ямар байхыг хэлэхэд хэцүү гээд “Хөгжингүй орнууд болох Япон, Солонгост эрчим хүчний салбартаа нүүрс хэрэглэхээ багасгаж байхад Энэтхэг улс нүүрсний цахилгаан станцуудынхаа төлөвлөлтийн дагуу 2020-2021 онд өөрийнхөө нүүрс олборлолтыг нэмэгдүүлж байгаа нь энэ зах зээлийг тэнцвэржүүлж болох юм” гэсэн байна.
Түүний хэлснийг шинжилгээний АКРА агентлагийн шинжээч Максим Худалов хүлээн зөвшөөрч байгаа юм. Солонгос, Японы зах зээлд нүүрсний эрэлт багасч байгаа ч тэд зөвхөн Индонези, Австралийн үйлдвэрлэгчдийг л ялна. Хятадын нүүрсний импорт багасч байгаа нь оросын нүүрс олборлогчид гүний уурхайн олборлолтоо бууруулахад хүрнэ гэж шинжээч дүгнэжээ.
Коксжих нүүрсний 2018-2019 оны үнийн төлөв
Австралийн үндэсний банк өөрийн түүхий эдийн тайландаа 2018 онд дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ дунджаар 186 доллар байх нь 2017 оныхоос 15 хувь доогуур байна гэж оруулсныг Platts агентлаг мэдээлж байна. Банкны дүгнэснээр бол энэ нь өнгөрсөн он коксжих нүүрс хомсдолтой байсных гэсэн байна.
“Сүүлийн жилүүдэд түр зуурын асуудал, ялангуяа Квислендийн коксжих нүүрсний экспорт зэрэг нь нүүрсний эрэлт нийлүүлэлтэд нөлөөлсөн” гэж Австралийн үндэсний банк NAB-ын тайланд дурджээ. Debbie хар салхины нөлөөгөөр 2017 оны дөрөвдүгээр сард Квинсленд уурхайд эвдрэл үүсч нүрсний экспорт нь саатсан нь үнэ өсгөснийг хэлж байна.
Тайланд дурдсанаар бол хувийн төмөр замын Aurizon оператор, Шударга өрсөлдөөний газар хоёр Квинслендийн орлогын асуудлаар маргалдаж энэ нь тус улсын нүүрсний экспортод нөлөөлөн улмаар нүрсний үнэ өсөх эрсдэлд хүргэж мэдэх юм гэсэн байна.
Үүний зэрэгцээ усан боомт, төмөр замын үйлчилгээтэй холбоотой асуудал нь коксжих нүүрсний үнийг өсгөхөд нөлөөлнө гэжээ.
Австралийн үндэсний банкны төсөөллөөр бол коксжих нүүрсний үнэ 10-12 дугаар сард 155 доллар байх бол дараа оны дөрвөн улиралд тонн нь 150, 155, 145, 140 доллар байх нь гэсэн байна.
“Ардчилал таймс” сонин