Бэлгийн хүчирхийллийг дайны зэвсэг болгон ашиглахын эсрэг тэмцэгчид болох Конгын эмч Дэнис Муквегэ, Иракийн Язиди цөөнхийн төлөөлөгч Надиа Мурад нарт энэ оны энх тайвны шагналыг олголоо.
Иргэний дайны хөлд олон жил нэрвэгдсэн Конгын Ардчилсан Бүгд Найрамдах Улсад хүчингийн хэргийн хохирогч болсон хүмүүст туслахад амьдралынхаа ихэнх хэсгийг зориулсан хэмээн эмч Дэнис Муквегэг шагналд тодорхойлох хорооныхон үнэлсэн байна.
Надиа Мурад нь Исламын улс зэвсэгт бүлэглэлийн Язиди шашны цөөнхийн эсрэг явуулсан харгислалын хохирогч болсон нэгэн бөгөөд энэхүү аймшигт явдлын талаар дэлхий нийтэд дуулгаж, бусад хохирогч охид бүсгүйчүүдийн эрхийн төлөө тэмцсэн тул энэ шагналыг хүртэхээр болжээ.
Норвегийн Нобелийн шагналын хороо “Тэд хоёул хувийн амьдралаа эрсдэлд оруулан байж дайны гэмт хэрэгтэй баатарлагаар тэмцэн, хохирогчдыг хамгаалж, шударга ёсыг сахиулахад өөрийгөө зориулсан юм” гэж мэдэгдэлдээ тайлбарласан байна.
Эх сурвалж: nobelprize.org