Америкийн Apple, Amazon компаниуд өөрсдийнх нь серверт Хятадын тагнуулын нууц чип байгаа гэсэн мэдээллийг няцаагаад өөрийн компьютерт нь ямар нэгэн хортой элемент байхгүй гэж мэдэгдсэнийг Bloomberg агентлаг нийтэлсэн байна.
Америкийн томоохон кампанид, ялангуяа Apple, Amazoны серверт Хятадын хакерууд тагнуулын бичил чип суулгасан байна гэж нэрээ хэлээгүй 17 эх сурвалжаас мэдээлснийг Bloomberg үүний өмнө мэдээлсэн юм. Тэдний мэдээлснээр Amazon компанийн захиалгаар 2015 онд серверүүдэд нь хийсэн шалгалтаар үнэхээр сэжигтэй бичил чип байгаа нь илэрсэн юм байна. Ингээд компани АНУ-ын эрх баригчдад хандсанаар мөрдөн шалгаж эхэлжээ.
Шалгалтын дүнд Америкийн мэргэжилтнүүд энэ бичил чипүүд суулгаснаар компанийн үйл ажиллагааг тагнаж, мэдээллийг нь хакерууд ашиглах боломжтойг тогтоосон гэж эх сурвалж мэдэгдсэн гэнэ. Мөрдөн шалгах явцад чипийг энэ серверийг үйлдвэрлэдэг Хятадын үйлдвэрүүдэд суурилуулсан гэдгийг ч тогтоосон байна. Энэ нь дэлхийн 110 гаруй оронд түнштэй Хятадын үйлдвэрлэгч Super Micro Computer Inc гэж Bloomberg нэрлэсэн байдаг.
Ийм бичил чип суулгах ажиллагаанд Хятадын армийн салбарууд ч оролцсон гэнэ.
Үүний өмнө Оросын тусгай албаныхны боловсруулсан шинэ төрлийн вирусны программыг компьютерээс нь салгаж авах боломжгүй хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан юм.
Эх сурвалж: РИА Новости