Өнгөрсөн сарын сүүлчээр эрх баригч Либерал-ардчилсан намын даргаар сонгогдсон Шинзо Абэ өчигдөр Засгийн газартаа халаа сэлгээ хийжээ. Ингэхдээ тэрбээр голлох сайдуудаа авч үлдсэн байна. Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд хэвээр үлдсэн Ёсихидэ Суга Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнээ танилцууллаа.
Ерөнхий сайдын орлогч, Сангийн сайд Таро Асо, Гадаад хэргийн сайд Таро Коно, Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн сайд Хиросигэ Сэко, Эдийн засгийг сэргээн босгох асуудал эрхэлсэн сайд Тосимицу Мотэги нар албан тушаалаа хадгалан үлджээ. Сэко сайдынхаа хажуугаар ОХУ-тай тогтоох харилцааны асуудал давхар эрхлэхээр болжээ.
Засаг захиргаа, харилцаа холбооны асуудал эрхэлсэн сайд Сэйко Нодын оронд Масатоси Исидаг, Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайдаар Масахико Сибаямаг томилжээ.
Мөн Шинзо Абэ Окинава болон умардын газар нутгийн асуудал эрхэлсэн сайдыг сольж, парламентийн дээд танхимын гишүүн Мицухиро Миякосиг томилжээ. Такаси Ямаситаг Хууль зүйн сайдаар томиллоо. Үүнээс гадна Ерөнхий сайд Батлан хамгаалахын сайд Ицунори Онодэрагийн оронд Такэси Иваяг томилсон байна.
Такэси Ивая Японы Үндсэн хуулинд өөрөө өөрийгөө хамгаалах хүчний эрх мэдлийг өргөтгөх заалт оруулахын төлөө тэмцдэг, түүнчлэн Ивая цөмийн зэвсэгт, цөмийн зэвсгийг Японы нутаг дэвсгэрт байрлуулахыг эрс эсэргүүцдэг юм байна.
Мөн тэрбээр 2011 онд Фукушима атомын цахилгаан станцад осол гарсны дараа хаагдсан атомын цахилгаан станцуудын ажлыг сэргээхийг дэмждэг төдийгүй Хятадын нөлөө нөмрөг өсөн нэмэгдэхийн эсрэг Япон улсын байр суурийг шаргуу дэмждэг юм байна.
Парламентийн дээд танхимын гишүүн Сацуки Катаяма бүс нутгийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн сайдаар томилогдлоо. Ийнхүү тэрбээр шинэ танхим дахь цорын ганц эмэгтэй сайд болж байна.
Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 79 настай Тосиро Никаи, Японы Гадаад хэргийн сайд асан, одоо Намын бодлогын асуудал эрхэлж байгаа Фумио Кисида албан тушаалаа үргэлжлүүлэн эрхлэхээр болжээ.
Харин Эрүүлийг хамгаалах, хөдөлмөрийн сайд асан Кацунобу Катог Хэрэг эрхлэх газрын даргаар, Эдийн засгийн сэргээн босголтын сайд асан Акира Амарийг Сонгуульд бэлтгэх асуудал эрхэлсэн даргаар томилжээ.
Коити Хагиуда Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Хироси Морияма Парламенттай хамтран ажиллах асуудал эрхэлсэн даргын албан тушаалд хэвээр үлдэж буй юм байна. Намын удирдах бүрэлдэхүүнд ийнхүү халаа сэлгээ хийж байгаа нь намын даргын сонгуулийн үр дүн гэдгийг ажиглагчид хэлж байна.