Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Индонезид болсон газар хөдлөлт, цунамигийн гамшигт амиа алдсан хүмүүсийн тоо 1200 хүрлээ гэж тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх албанаас мэдээллээ. Үүнээс өмнө 832 хүний цогцсыг олоод байсан билээ. Индонезийн Сулавеси арлын Палу хот орчимд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, дараа нь цунами үүссэн юм.
Мөн мянга мянган хүний хувь заяа тодорхойгүй байгаа тул хохирлын тоо цаашдаа нэмэгдэнэ гэж тус улсын онцгой байдлын агентлагийн төлөөлөгч Сутопо Пурво Нугрохо мэдэгджээ.
Халдварт өвчин дэгдэхээс сэргийлж, амиа алдагсдын цогцсыг бөөнөөр нь оршуулж байгаа тухай мөн мэдээлжээ.